Дэлхийн загварын ертөнцийн хамгийн нэр хүндтэй арга хэмжээнүүдийн нэг болох “Мет Гала” ёслолын улаан хивсний арга хэмжээ энэ жил ч мөн олны анхаарлын төвд байлаа. Харин энэ удаад Монгол уран бүтээлчийн ур чадвар дэлхийн оддын гоёлын нэг хэсэг болсон нь онцлох үйл явдал болов.
Артист Зола буюу Г.Золзаяа энэ жилийн “Мет Гала”-д оролцсон хэд хэдэн А зэрэглэлийн алдартнуудын хумсныг урлажээ. Тухайлбал,Түүний бүтээлээр Америкийн модель, бизнес эрхлэгч Хэйли Бибер, “Блэкпинк” хамтлагийн гишүүн Женни Ким, дэлхийн алдарт модель Кендалл Женнер, дуучин Сабрина Карпентер, жүжигчин, модель Лили-Роуз Депп нар гоёсон байна. “Мет Гала” нь зөвхөн хувцас загварын шоу биш, дэлхийн хамгийн нөлөө бүхий дизайнер, стилист, артистуудын ур чадвар өрсөлддөг тайз хэмээн тооцогддог. Тиймээс тус арга хэмжээнд оролцож буй алдартнуудын үс засалт, нүүр будалт, хумсны дизайн хүртэл олон нийтийн анхаарлын төвд байдаг билээ.
Г.Золзаяагийн хувьд олон улсын гоо сайхны салбарт хэдийнэ өөрийн байр сууриа бий болгосон уран бүтээлчдийн нэг юм. Тэрбээр зөвхөн нэр хүндтэй үйлчлүүлэгчидтэй ажиллаад зогсохгүй, дэлхийн гоо сайхны салбарын томоохон брэндүүдийн нэг болох OPI-ийн албан ёсны элч төлөөлөгчөөр ажиллаж байна.