ХЭҮК-оос сургуулийн хүчирхийлэл, ялгаварлан гадуурхалтыг мэдээлэх орчныг бүрдүүлж, өртсөн сурагчдад дэмжлэг үзүүлэх талаарх зөвлөмжийг хүргүүлж байжээ

ХЭҮК-оос сургуулийн хүчирхийлэл, ялгаварлан гадуурхалтыг мэдээлэх орчныг бүрдүүлж, өртсөн сурагчдад дэмжлэг үзүүлэх талаарх зөвлөмжийг хүргүүлж байжээ

Сүүлийн үед ахлах ангийн сурагчид нэгнээ дээрэлхэж, биед нь ноцтойгоор халдаж, түүнийгээ бичлэг болгон хийж, нийгмийн сүлжээнд цацах нь энгийн үзэгдэл мэт болоод байна.

Тэгвэл үүнтэй холбоотойгоор Боловсролын сайд П.Наранбаяр "Үе тэнгийн дээрэлхэлт буюу хүүхдүүд хоорондын дарамтын асуудал боловсролын салбарт хурцаар яригдаж байна. Энэ асуудлыг шийдвэрлэх хүрээнд аюулгүй цахим орчны бодлого хэрэгжүүлж эхэлсэн. Мөн хүүхдийн цахим орчны оролцоог зохицуулах анхдагч хуулийн төслийг өргөн барихаар бэлтгэж байна" гэдгийг тодотгосон. 

Тэгвэл Хүний эрхийн комиссоос үе тэнгийн дээрэлхэлтээс урьдчилан сэргийлэх, хүүхдийн эрхийг хамгаалах чиглэлээр Боловсролын яаманд дараах зөвлөмжийг хүргүүлсэн байна. 

Тус зөвлөмжийн агуулга нь "Цахим орчинд хүүхдүүд нэгнийхээ бие махбодод халдах, доромжлох, заналхийлэх, хүчирхийлэл үйлдэж байгаа бичлэг цацагдах, бусдын зураг, бичлэгийг нийгмийн сүлжээнд байрлуулах зэргээр хүний хувийн мэдээллийг задруулж байгаа тохиолдлууд гарч байгаатай холбоотой:

- Хүүхэд хамгааллын бодлогын хэрэгжилтийг хангуулах, хяналт тавих;

- Сурагчдад энэ талаарх мэдээлэл, мэдлэг ойлголтыг давтамжтай өгөх, багш ажилтнуудад хүүхэд хамгааллын бодлого, хэрэгжилтийг хангаж ажиллах талаар сануулж зөвлөх, энэ төрлийн хүүхдийн эрхийн зөрчлөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээг тогтмол, системтэй авч хэрэгжүүлэх;

- Боловсрол, сургалтын байгууллага, насан туршийн суралцахуйн төв, сүм хийдийн шашны сургуулиудын орчин, дотуур байранд хүүхдийг гэмт хэрэг, зөрчил, хүчирхийлэл, үе тэнгийн дээрэлхэлтэд өртөхгүй байх нөхцөлийг бүрдүүлж ажиллах гэсэн утгатай аж. 

Харин ХЭҮК-ын гишүүний холбогдох албан тушаалтанд хүргүүлсэн зөвлөмжийн хүрээнд хэрэгжүүлэх арга хэмжээ:

Үүнд:

1.Хүүхэд хамгааллын тухай хуульд заасан бүх шатны боловсролын сургалтын байгууллага, насан туршийн суралцахуйн төв, сүм хийдийн шашны сургууль хүүхэд хамгааллын бодлого, түүнийг хэрэгжүүлэх төлөвлөгөөтэй байх хуулийн хэрэгжилтийг хангах зохион байгуулалтын арга хэмжээ авч, хяналт тавих;

2.Хүүхэд хамгааллын тухай хуульд заасны дагуу багш, ажилтныг хүүхдийн эрх, хүүхэд хүмүүжүүлэх эерэг арга барилд сургах, мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх;

3.Хичээлийн жилийн турш хүүхдийн нийгэм, сэтгэл зүйн асуудлыг илрүүлэх, тандан судлах арга хэмжээг авч, хүүхдүүд эрсдэлт нөхцөлд байгаа эсэхийг тогтмол үнэлэх, зөвлөгөө өгөх, үе тэнгийн дээрэлхэлтэд холбогдсон болон хохирогч суралцагчийн эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигчтэй уулзалт зохион байгуулах, зөвлөгөө, мэдээлэл өгөх үйл ажиллагааг хэрэгжүүлж, хэвшүүлэх талаар бүх шатны боловсролын байгууллагад үүрэг болгох;

4.Хүүхдийн аюулгүй байдлыг хангах үүднээс сургуулийн дотуур байранд яаралтай үед хүүхэд ашиглах итгэлтэй утас байрлуулах, сэтгэл зүйчтэй холбогдож зөвлөгөө, мэдээлэл авах боломжийг бүрдүүлэх, сургуулийн дотуур байрны жижүүр болон ажилчдад, тэдний эрх үүрэг, хариуцлага, хүүхэд хамгааллын бодлогыг танилцуулж, хүүхдийн эрх зөрчигдөхөөс урьдчилан сэргийлэхтэй холбоотой үе шаттай мэдээлэл өгөх, хүүхдийн эрхийг хамгаалах мэргэжлийн байгууллагатай хамтран ажиллаж хэрэгжилтийг хангуулах;

5. Сургуулийн орчинд дарамт, хүчирхийлэл, ялгаварлан гадуурхалтыг мэдээлэх орчныг бүрдүүлж, өртсөн сурагчдад дэмжлэг үзүүлж, урьдчилан сэргийлж, таслан зогсоох тогтолцоог бий болгох;

6. Ерөнхий боловсролын сургуулийн хүухэд хамгааллын баг Хүүхэд хамгааллын тухай хууль, түүнд холбогдох журамд заасны дагуу бүрэн бүрэлдэхүүнтэйгээр ажиллах нөхцөлийг бүрдүүлэх, мөн гишүүдийг хүний эрх, хүүхэд хамгааллын чиглэлээр чадавхжуулах болон хүний эрхийн боловсролын чанар, хүртээмжийг дээшлүүлэх, нийгмийн ажилтнаар бэлтгэгдэж буй оюутнуудын хүний эрхийн мэдлэг, ойлголтыг бэхжүүлэх талаарх Комиссын гишүүний 2025 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 03/41 дугаар зөвлөмжийг заалт бүрээр хэрэгжүүлэх" гэдийг зөвлөжээ. 

Улмаар "Комиссоос 2025 онд Улаанбаатар хот болон орон нутгийн боловсролын байгууллагуудад хяналт, шалгалт хийхэд Хүүхдийн эрхийн тухай конвенц, Хүүхдийн эрхийн тухай хууль, Хүүхэд хамгааллын тухай хууль болон Сургуулийн өмнөх болон ерөнхий боловсролын сургалтын байгууллагын багш, ажилтны мэргэжлийн ёс зүйн дүрмийн хэрэгжилт хангалтгүй, сургуулийн сурагчдын сурч боловсрох, хүний нэр төрийг доромжлон, харилцсан, үе тэнгийнхний дээрэлхэлт, ялгаварлан гадуурхалт, сэтгэл зүйн дарамт, хүчирхийллээс ангид байх эрх зөрчигдөх нөцхцөл байдал үүсэж болзошгүй байна.  Тухайлбал, сургуулийн хүүхэд хамгааллын багаас ямар нэгэн хариу арга хэмжээг аваагүй, сургуулийн өмнөх болон ерөнхий боловсролын сургалтын байгууллагын ёс зүйн зөвлөлийн ажиллах үлгэрчилсэн журмыг хэрэгжүүлээгүй, нийгмийн ажилтан байхгүй, хүүхэд хамгааллын чиглэлээр шаардлагатай үйл ажиллагааг зохион байгуулаагүй, хүүхэд хамгааллын багийг ажиллуулаагүй, суралцагчдад тулгарсан бэрхшээлтэй асуудлыг тухай бүр цаг алдалгүй мэргэжлийн туслалцаа үзүүлэн шийдвэрлээгүй зэрэг асуудлууд илэрсэн.

Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1 дэх хэсэгт "Комиссын гишүүний шаардлага, зөвлөмжийг хүлээн авсан байгууллага, албан тушаалтан, хуулийн этгээд заавал биелүүлэх үүрэгтэй" гэж заасан. Комиссын гишүүний хүүхдийн эрхийг хамгаалах, хүүхдийн эрхийн зөрчлөөс урьдчилан сэргийлэх, чиглэлээр хүргүүлсэн зөвлөмжийн хэрэгжилтийг хангаж ажиллахыг анхааруулж байна" гэх дүгнэлтийг гаргасан байна.