Прокурорын байгууллага энэ сарын 02-06-ны өдрүүдэд хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын шатанд шалгагдаж буй нийт 48,426 эрүүгийн хэрэгт хяналт тавин ажилласан байна.
Тухайн хугацаанд гэмт хэргийн шинжтэй 1,091 гомдол, мэдээлэл бүртгэгдсэнээс 767 хэрэг шинээр нээжээ. Мөн 256 хэрэгт прокурор яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлсэн байна. Нийслэлийн прокурорын газраас албан тушаалын гэмт хэрэг, авлига болон зохион байгуулалттай гэмт хэрэгтэй холбоотой зарим хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Тухайлбал, нэр бүхий "Ц.Б" нь эмнэлгийн тасгийн эрхлэгчээр ажиллаж байхдаа албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, төлбөртэй өрөөнд хэвтэн эмчлүүлсэн иргэдийн 22.4 сая төгрөгийн төлбөрийг байгууллагын дансанд тушаалгүйгээр өөртөө авч, эдийн засгийн давуу байдал бий болгосон хэрэгт буруутгагдаж байна. Түүнд Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлд зааснаар яллах дүгнэлт үйлдэн Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд шилжүүлжээ.
Мөн Г.А нь нийтийн албан тушаалтан байхдаа бусдын ачаа барааг гаалиар хурдан нэвтрүүлэх хууль бус үүрэг чиглэл өгч, үүнийхээ хариуд 10 сая төгрөгийн хахууль авсан хэрэгт холбогдсон байна. Харин Т.Н нь өөртөө давуу байдал бий болгох зорилгоор хахууль өгсөн хэрэгт буруутгагдаж байгаа бөгөөд тэдэнд холбогдох хэргийг Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд шилжүүлжээ.