ВИДЕО: Иргэд пиво, тамхи худалдан авч, ресторанд хоол идэхдээ Х.Нямбаатарын батлуулсан “Хотын 2 хувийн татвар”-ыг төлж байна

ВИДЕО: Иргэд пиво, тамхи худалдан авч, ресторанд хоол идэхдээ Х.Нямбаатарын батлуулсан “Хотын 2 хувийн татвар”-ыг төлж байна

Иргэд “Хотын татвар” нэрийн дор нийслэлд бүх төрлийн архи, согтууруулах ундаа, тамхи худалдан авахдаа мөн хотын баар, ресторан, зочид буудал, амралтын газар, автомашин угаалгаар үйлчлүүлэхдээ бүртээ 2 хувийн татварыг төлдөг болоод удаж байгааг хүмүүс тэр бүр анзаарахгүй байна. 

ВИДЕО: 

-ХОТЫН ТАТВАР 1 ХУВЬ БАЙСНЫГ НИТХ-ЫН ДАРГА АСАН Ж.БАТБАЯСГАЛАН, ХОТЫН ДАРГА Х.НЯМБААТАР НАР 2 ХУВЬ БОЛГОН НЭМЭГДҮҮЛЖ БАЙЖЭЭ-

Монгол Улс 2015 онд “Нийслэл хотын албан татварын тухай хууль”-тай болж байв. Тус хуулийн 9.2-т “Нийслэл хотын албан татварын хувь хэмжээг байршил, хүн амын төвлөрлийг харгалзан 0-2.0 хувийн хязгаарт багтаан Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батална” гэж заасан байдаг. Энэ зохицуулалтын хүрээнд 2015-2024 оны хооронд уг татварын хэмжээ 1 хувь байжээ.

Яг энэ заалтын дагуу 2023 онд Хотын дарга Х.Нямбаатар, тухайн үеийн НИТХ-ын дарга Ж.Батбаясгалан нар “Нийслэл хотын албан татварын хувь хэмжээг шинэчлэн тогтоох тухай” НИТХ-ын 124 дүгээр тогтоолоор "Хотын татвар"-ын хэмжээг 2 хувь болгон нэмэгдүүлсэн юм. Ингэснээр нийслэлийн иргэд өнөөдөр архи, тамхи болон зарим бусад үйлчилгээ авахдаа хоёр хувийн татварыг нийслэлд төлж байна. 

НИТХ-ын 124 дүгээр тогтоол

Цаашлаад 2024 оны зургаадугаар сард Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнэ, одоогийн Хотын дарга Х.Нямбаатар нар “Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай хууль”-ийн шинэчилсэн найруулгыг УИХ-аар батлуулж, “Нийслэл хотын албан татварын тухай” дээрх хуулийг хүчингүй болгосон. Өөрөөр хэлбэл, "Нийслэл хотын албан татварын тухай хууль" хүчингүй болж оронд нь "Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай хууль хэрэгжиж эхлэх гэж байна.

Ингэснээр 2026 оны зургадугаар сарын 5-ны өдрөөс хэрэгжиж эхлэх дээрх шинэчилсэн хуулийн 38.1-т “Хот нь албан татвартай байх бөгөөд хотын албан татварыг хуулиар тогтооно” гэсэн ерөнхий заалт тусгаснаар Хотын дарга Х.Нямбаатарын дураараа туйлах боломжийг хуулиар олгож өгчээ.

-ИРГЭД АВТО ҮЙЛЧИЛГЭЭ АВАХДАА, АМРАЛТЫН ГАЗАР, БААР, РЕСТОРАНД ОРОХДОО ХҮРТЭЛ 2 ХУВИЙН "ХОТЫН ТАТВАР" ТӨЛДӨГ БОЛООД 3 ЖИЛ ӨНГӨРЧЭЭ-

Тус татварын хувь хэмжээг нэмэхдээ тухайн үеийн Хотын даргын орлогч, одоогийн УИХ-ын гишүүн П.Сайнзориг "Энэ бол жуулчдад зориулсан татвар" хэмээн хэлж байлаа. Харамсалтай нь өнөөдөр  уг татварын эцсийн төлөгч нь жуулчид биш нийслэлчүүд болж хувирсан байна.  Жуулчид ч мөн энгийн хэрэглээ авсныхаа хариуд яагаад өндөр татвар төлөх ёстой вэ гэдгийг олон улсын жишигтэй харьцуулж харах ёстой юм. 

Хамгийн ноцтой нь “2 хувийн” татвараар жилд нийслэлийн төсөвт яг хэдэн төгрөг төвлөрч, түүнийг ямар салбарт, юунд зарцуулж байгаа талаарх мэдээлэл ил тод бус хэвээр байна.  

Нийслэл хотын албан татварын талаарх иргэдийн мэдлэг, мэдээллийн түвшинг тодруулахад олонх нь энэ төрлийн татварын талаар өмнө нь огт сонсож байгаагүй хэмээн ярьж байна. Түүнчлэн  жирийн иргэдэд нийслэлийн төсөв, орлогын эх үүсвэр, зарцуулалтад анхаарал хандуулах зав зай хомс байгааг дурдаад, ер нь улсад төлж буй нийт татвар тэдний амьдралд бодит дарамт болон  мэдрэгдэж байгааг онцолсон юм. Ташрамд дурдахад, Хотын дарга Х.Нямбаатар 2023 оны арванхоёрдугаар сард Нийслэлийн Засаг даргаар томилогдсоныхоо дараа дээрхээс гадна “Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах тухай” хуулийг санаачлан батлуулж, тус хуульд хоёр төрлийн татвар, гурван төрлийн торгуулийг нэмэгдүүлэх зохицуулалт тусгасан нь иргэдийн дунд шүүмжлэл дагуулж байсан билээ.




Өнөөдөр луу өдөр

2 цагийн өмнө