Сүхбаатар дүүргийн ерөнхий прокурор асан Э.Амарбат, Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн дэд захирал асан Ц.Гантулга, өмгөөлөгч П.Одонтунгалаг, "Баян хотгор" ХХК-ийн Б.Мандахбаяр нарт холбогдох авлигын хэргийг шүүх хурал Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд болж өчигдөр /2025.02.06/ шийдвэрээ танилцууллаа.
Шүүгдэгч Б.Мандахбаяр, Ц.Гантулга, П.Энхтогтох, Э.Амарбат, П.Одонтунгалаг, Б.Батсүх, Ш.Батхолбоо нарт холбогдох эрүүгийн хэргийн шүүх хуралдааны тоймыг бүрэн эхээр нь хүргэж байна.
"Нийслэлийн Прокурорын газраас шүүгдэгч Б.Мандахбаяр, Ц.Гантулга, П.Энхтогтох, Э.Амарбат, П.Одонтунгалаг, Б.Батсүх, Ш.Батхолбоо нарт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2202003650383 дугаартай хэргийг хянан хэлэлцлээ.
Нийслэлийн Прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч Ш.Батхолбоог “Худал мэдүүлэх” гэмт хэрэг үйлдсэн гэж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч Ш.Батхолбоог цагаатгаж,
Шүүгдэгч Э.Амарбатыг “Хахууль авах” гэмт хэрэгт; шүүгдэгч Б.Мандахбаярыг “Хахууль өгөх” гэмт хэрэгт тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгож,
Шүүгдэгч Б.Мандахбаяр, Ц.Гантулга, П.Энхтогтох нарт холбогдуулан “Нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж их хэмжээний хохирол учруулсан” гэмт хэрэгт үйлдсэн гэм буруутайд тооцуулахаар зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг бусдад их хэмжээний хохирол учруулсан гэх нөхцөл байдал тогтоогдоогүй тул “Нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдад давуу байдал бий болгосон” гэмт хэрэг үйлдсэн гэж хөнгөрүүлэн өөрчилж шийдвэрлэлээ.
Иймд шүүхээс шүүгдэгч Б.Мандахбаярыг эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэрэгт хатгагчаар хамтран оролцсон гэм буруутайд,
-Залилах гэмт хэргийг бусдад их хэмжээний хохирол учруулж үйлдсэн гэм буруутайд,
-Хүнийг амиа хорлох нөхцөл байдалд хүргэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,
-Хуульчийн мэргэжлийн үйл ажиллагааг хууль бусаар явуулах гэмт хэрэгт хатгагчаар хамтран оролцсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,
- Шүүгдэгч Ц.Гантулгыг эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэрэгт гүйцэтгэгчээр оролцсон гэм буруутайд,
-Шүүгдэгч П.Энхтогтохыг эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэрэгт хамжигчаар хамтран оролцсон гэм буруутайд,
-Шүүгдэгч Э.Амарбатыг эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,
-Шүүгдэгч П.Одонтунгалагийг хуульчийн мэргэжлийн үйл ажиллагааг хууль бусаар явуулах гэмт хэрэгт гүйцэтгэгчээр оролцсон гэм буруутайд,
-Шүүгдэгч Б.Батсүхийг хуульчийн мэргэжлийн үйл ажиллагааг хууль бусаар явуулах гэмт хэрэгт хамжигчаар хамтран оролцсон гэм буруутайд тус тус тооцож шийдвэрлэлээ.
Эрүүгийн хариуцлага:
Шүүхээс шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, оролцсон оролцоо, учруулсан хохирол, хор уршиг, шүүгдэгч нарын хувийн байдал болон улсын яллагчийн ялын санал дүгнэлт, өмгөөлөгч нарын тайлбар зэргийг харгалзан шүүгдэгч нарын эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр улсын яллагчийн саналын хүрээнд дараах байдлаар оногдуулав.
Шүүгдэгч Б.Мандахбаярыг эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэрэгт нийтийн албанд томилогдох эрхийг 04 жилийн хугацаагаар хасаж, 02 жилийн хугацаагаар хорих ялаар,
Залилах гэмт хэргийг бусдад их хэмжээний хохирол учруулж үйлдсэн гэмт хэрэгт 03 жилийн хугацаагаар хорих ялаар,
Хүнийг амиа хорлох нөхцөл байдалд хүргэх гэмт хэрэгт 03 жилийн хугацаагаар хорих ялаар,
Хуульчийн мэргэжлийн үйл ажиллагааг хууль бусаар явуулах гэмт хэрэгт хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа явуулах эрхийг 01 жилийн хугацаагаар хасаж, 01 жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэж,
дээрх ялыг нэмж нэгтгэн нийтийн албанд томилогдох эрхийг 04 жилийн хугацаагаар, хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа явуулах эрхийг 01 жилийн хугацаагаар тус тус хасаж, нийт эдлэх ялыг 09 жилийн хугацаагаар хорих ялаар тогтоож, нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.
Шүүгдэгч Ц.Гантулгыг эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэрэгт нийтийн албанд томилогдох эрхийг 04 жилийн хугацаагаар хасаж, 15.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15.000.000 төгрөгөөр торгох ялаар,
Шүүгдэгч П.Энхтогтохыг эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэрэгт нийтийн албанд томилогдох эрхийг 04 жилийн хугацаагаар хасаж, 15.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15.000.000 төгрөгөөр торгох ялаар,
Шүүгдэгч Э.Амарбатыг эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэрэгт нийтийн албанд томилогдох эрхийг 04 жилийн хугацаагаар хасаж, 27.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 27.000.000 төгрөгөөр торгох ялаар,
Шүүгдэгч П.Одонтунгалагийг Хуульчийн мэргэжлийн үйл ажиллагааг хууль бусаар явуулах гэмт хэрэгт хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа явуулах эрхийг 02 жилийн хугацаагаар хасаж, 10.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.000.000 төгрөгөөр торгох ялаар,
Шүүгдэгч Б.Батсүхийг Хуульчийн мэргэжлийн үйл ажиллагааг хууль бусаар явуулах гэмт хэрэгт хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа явуулах эрхийг 01 жилийн хугацаагаар хасаж, 5.400 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5.400.000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэж шийдвэрлэсэн.
Шүүгдэгч Б.Мандахбаяр, Ц.Гантулга, Б.Батсүх нарын цагдан хоригдсон хоногуудыг эдлэх ялд нь оруулан тооцсон болно" гэжээ. Шүүхийн шийдвэрийг ЭНД ДАРЖ уншина уу.