Жүжигчин Г.Ундармаа “Аавыгаа хайрла” дууг зохиосон Г.Оюун-Эрдэнэтэй уулзана

2019-06-12 14:28

Жүжигчин Г.Ундармаа “Аавыгаа хайрла” дууг зохиосон Г.Оюун-Эрдэнэтэй уулзана

Цахим ертөнцөд “Аавыгаа хайрла” дуугаараа олон хүний хайр хүндэтгэлийг хүлээсэн бяцхан охин Г.Оюун-Эрдэнийг манай iSee.mn сайт “Move ON” буландаа урьж ярилцсан. Тэрбээр Дархан-Уул аймагт гэр бүлийн хамт амьдардаг бөгөөд ярилцлагынхаа үеэр “Би жүжигчин Г.Ундармаа эгчтэй уулзахыг хүсдэг, Ундармаа эгч мундаг, түүн шиг жүжигчин болно гэж боддог” хэмээн ярьсан юм.

Харин жүжигчин Г.Ундармаа Г.Оюун-Эрдэнэтэй “Дарханаас ирэхэд нь уулзана аа” хэмээн өөрийн твиттер хуудаснаа бичжээ.

2019-06-12 07:48

Г.Оюун-Эрдэнэ: “Аавыгаа хайрла” дууг минь зөвхөн ээжийн найзууд л үзнэ гэж бодсон

Цахим ертөнцөд “Аавыгаа хайрла” дуугаараа олон хүний хайр хүндэтгэлийг хүлээсэн бяцхан охин Г.Оюун-Эрдэнийг “Move ON” буландаа урилаа. Тэрбээр Дархан-Уул аймагт гэр бүлийн хамт амьдардаг бөгөөд бид түүнтэй гэр бүлийнхнийх нь зөвшөөрөлтэйгөөр цахимаар ярилцсан юм. Түүний уг бичлэг цахим орчинд ганцхан өдрийн дотор 8300 гаруй хүнд таалагдаж, 6600 хүн хуваалцсан амжилт үзүүлсэн байдаг. Харин одоогийн байдлаар зөвхөн түүний ээжийн цахим хуудаст байрласан бичлэг нь 10 мянган хүнд таалагдаж, 8000 гаруй хүн хуваалцсан амжилттай байна. Мөн түүний бичлэгийг уран бүтээлчид хэмнэл нэмэн дуу болгосон нь ч байлаа.

Г.Оюун-Эрдэнэ:

БИ ХАШААН ДОТРОО “АЯГҮЙ ИХ” ДУУ ДУУЛАХ ДУРТАЙ

-Юуны өмнө өөрийгөө танилцуулна уу.

-Намайг Гантулгын Оюун-Эрдэнэ гэдэг. Би Дархан-Уул аймгийн 15 дугаар дунд сургуулийн 5В ангийг төгссөн. Би 11 настай.

-Гэртээ хэн хэнтэйгээ амьдардаг вэ?

-Би эмээ, аав, ээж, дүү, эгчтэйгээ хамт амьдардаг.

-Дуу дуулж байгаа бичлэг нь цахим орчинд цацагдаж, маш олон хүний хайрыг татлаа. Энэ бичлэг нь цахим орчинд хэрхэн тарсан юм бэ?

-Би зургадугаар сарын 01-нд ээжийнхээ утсаар бичлэг хийснийг фэйсбүүк дээр тавьсан. Зөвхөн ээжийн найзууд л үзнэ гэж бодож байтал маш олон хүн үзчихсэн байсан.

-Тэр олон хүмүүсийн чиний тухай бичсэн сэтгэгдлүүдийг уншсан уу? Юу гэж бичсэн байна?

-Уншсан. Хэдэн хүн сөрөг сэтгэгдэл бичсэн байна лээ. Гэхдээ эерэг сэтгэгдэл бичсэн хүмүүс зөндөө олон байна лээ. Ихэнх нь надад амжилт хүсч, мундаг байна шүү гэж бичсэн байсан.

-Тэр бичлэгийг уг нь зөвхөн өөртөө зориулж хийсэн үү? Хаана, хэрхэн хийсэн бэ?

-Би хашаан дотроо “аягүй” их дуу дуулах дуртай. Тийм болохоор тэр дуугаа бүгдийг нь дуулаад биччихсэн юм.

-Өөр бичсэн дуунууд бий юу?

-Ганц хоёр дуу байгаа.

-Тэр дуунуудаа цацах уу?

-Цацна гэж бодохгүй л байна.

-Яагаад? Ичсэн үү?

-Би эхний нэг өдөр л жаахан сонин байсан. Тэрнээс хойш хүмүүс сайхнаар хүлээж авсан болохоор зүгээр болчихсон.

МАНАЙ ААВ “МИНИЙ ОХИН ЧИНЬ ЯМАР МУНДАГ ЮМ БЭ, ЭНЭ ЭРЧЭЭРЭЭ ЦААШАА ДУУЛААД БАЙГААРАЙ” ГЭСЭН

-Дуулсан дуундаа нэр өгсөн үү?

-Өгсөн. “Аавыгаа хайрлаарай” гэж нэрлэсэн.

-Дуугаа шууд л тухайн үедээ өөрөө зохиогоод дуулчихдаг уу? эсвэл өмнө нь бичиж тэмдэглэдэг үү?

-Үгүй ээ, би дэвтэр дээрээ дуугаа огт бичиж тэмдэглэдэггүй. Шууд л дотроосоо гарч байгаа үгээрээ л дуулчихдаг.

-Аавыгаа хайрлах тухай дуулсан байсан, яагаад энэ сэдвийг сонгох болов оо?

-Би аавыгаа ямар үнэ цэнэтэй гэдгийг ойлгуулах гэж дуулсан. Миний аав надад маш их үнэ цэнэтэй.

-Аавыгаа манай уншигчдад танилцуулна уу, юу хийдэг хүн бэ?

-Манай аавыг Жанчивсүрэнгийн Гантулга гэдэг. Манай аав Төмөрлөгийн төмөртэйн уурхайд засварчин хийдэг.

-Аав нь охиныхоо энэ дууг сонсоод чамд юу гэж хэлэв?

-Манай аав “Миний охин чинь ямар мундаг юм бэ, энэ эрчээрээ цаашаа дуулаад байгаарай” гэсэн.

-Бичлэг нь цацагдсанаас хойш ойр тойрныхон, ангийнхан, найз нөхөд, ах эгч нар нь чамд юу гэж хэлэв? Урам зориг өгөв үү?

-Надтай тоглодог хүүхдүүд “ямар мундаг юм бэ, дуугаа нэг дуулаад өгчихөөч” гээд л дандаа тэгдэг. Тэгэхээр нь дуулаад өгчихдөг.

-Чамайг дуулах авьяастай гэж хүмүүс өмнө хэлж байв уу? сургуулийнхаа урлагийн үзлэгт ордог уу?

-Би сургуулийнхаа урлагийн үзлэгт ордоггүй. Манай аниа дуулах авьяастай, сургуулийнхаа бүх урлагийн үзлэгт ордог.

-Ямар ямар дуучдын ямар ямар дуу сонсох дуртай вэ?

-Би Рокит Бэй, Ука хоёрын дууг л сонсдог. Тэр хоёр их гоё дуулдаг, хийсэн дуунууд нь ч таалагддаг, үглэж байгаагаас нь үлгэр жишээ авдаг.

УНДАРМАА ЭГЧ ШИГ ЖҮЖИГЧИН БОЛОХЫГ ХҮСДЭГ

-Чамд уулзахыг хүсдэг уран бүтээлч бий юу?

-Байгаа. Би жүжигчин Ундармаа эгчтэй уулахыг хүсдэг.

-Яагаад?

-Ундармаа эгч мундаг. Би өөр шиг нь жүжигчин болно гэж боддог.

-Тэгвэл ирээдүйн мэргэжлээ сонгочихсон байх нь ээ?

-Тийм. Жүжигчин бас дуучин болно.  Жүжигчин хүн тайзан дээр гараад маш гоё харагддаг учраас тэр. Тэгэхээр би том болоод жүжиглэнэ бас дуулна.

-Аавынхаа тухай дууны үгийг сонирхуулахгүй юу?

Аавыгаа хайрла

Аавыгаа хайрла

Аавыгаа хайрлавал

Толгойгоо хайрласантай адил

Аав чинь чиний дээд

Аав чинь хаан

Аав чинь чамайг хайрлана

Тиймээ, тэр л чамайг хайрладаг

Тиймээ, охид оо

Аавыгаа хайрла

Аавыгаа хайрла

Аав чинь тос маслотой зууралдаж

Чамайг тэжээх гэж хичээж байгаа

-Бидний ярилцлагын урилгыг хүлээн авсанд маш их баярлалаа. Уншигчиддаа хандаж хэлэх үг байна уу?

-Намайг дэмжиж маш олон эерэг сэтгэгдэл бичсэн хүмүүст баярлалаа, надад урам зориг хайрласан та нартаа баярлалаа. Бас гэр бүлийнхэндээ хайртай шүү, намайг дэмждэг аавдаа, ээждээ, эмээдээ баярлалаа гэж энэ ярилцлагаар дамжуулан хэлье.




Өнөөдөр бар өдөр

17 цагийн өмнө