УИХ-ын гишүүн Э.Болормаад таслан сэргийлэх арга хэмжээ авсан бөгөөд энэ дагуу тэрбээр холбогдох албан тушаалтнуудад мэдэгдээд гадаад руу явжээ

УИХ-ын гишүүн Э.Болормаад таслан сэргийлэх арга хэмжээ авсан бөгөөд энэ дагуу тэрбээр холбогдох албан тушаалтнуудад мэдэгдээд гадаад руу явжээ

Сонгуулийн үеэр гадаадын хөрөнгө оруулалттай компаниас хандив авч, сонгуульдаа зарцуулсан гэх хэргээр УИХ-ын гишүүн Э.Болормааг яллагдагчаар татан, цагдаагийн байгууллагаас мөрдөн шалгах ажиллагааг явуулж байгаа билээ.

Тодруулбал, УИХ-ын 2024 оны сонгуулийн үеэр буюу 2024 оны зургаадугаар сарын 06-ны өдөр гадаадын хөрөнгө оруулалттай “Ханбогд Эксплорайшн” компани нь УИХ-ын гишүүн Э.Болормаад “бизнесийн орлого” гэсэн утгатай хандив өгсөн байдаг. Сонгуулийн тухай хуульд “Гадаадын хөрөнгө оруулалттай компани хандив өгсөн бол буцаан шилжүүлнэ” гэж заасан. Гэтэл Э.Болормаа нь уг хууль бус хандивыг буцаан шилжүүлэхгүй, сонгуулийн үйл ажиллагаандаа зарцуулсан байгаа юм. Энэ нь Үндсэний Аудитын газар зэрэг холбогдох бүхий л байгууллагын мэдээллээр нотлогддог. 

Тиймээс ч хуулийн байгууллагаас УИХ-ын гишүүн Э.Болормааг Эрүүгийн хуулийн 14.5 дугаар зүйл "Иргэн сонгуулийн эрхээ эдлэх, сонгуулийн хорооны ажилд саад хийх" буюу 2.3-т заасан сонгогчийг эд хөрөнгө, мөнгөөр татаж санал худалдан авч үйлдсэн гэсэн зүйл ангиар яллагдагчаар татан, мөрдөн шалгах ажиллагааг явуулж байгаа. Тэрбээр яллагдагчаар татах тогтоолоо нэлээдгүй хугацаанд гардан авахгүй, мөрдөн шалгах ажиллагаанд саад учруулж байсан тул түүнийг шүүгчийн захирамжаар албадан ирүүлж, яллагдагчаар татах тогтоолыг нь гардуулж байсан юм. 

Тэгвэл Эрүүгийн хэрэгт яллагдагчаар татагдан, шалгагдаж буй УИХ-ын гишүүн Э.Болормаа нь саяхан гаднын улс орныг зорьсон гэх мэдээлэл байна. Ингэхдээ тэрбээр УИХ-ын дарга, мөрдөх байгууллага зэрэг холбогдох албан тушаалтнуудад энэ талаараа мэдэгдэн улсын хилээр гарч явжээ. Учир нь дээрх хэрэгт холбоотойгоор Э.Болормаад хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг авсан бөгөөд энэ дагуу тэрбээр ийнхүү холбогдох албан тушаалтнуудад мэдэгдэн хилээр гарч явжээ. 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд

  • Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хэвийн явагдах нөхцөлийг хангах зорилгоор яллагдагчийн үйлдсэн гэмт хэргийн шинж, хувийн байдлыг харгалзан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шүүх, прокурор, мөрдөгчийн шийдвэрээр авна.
  • Яллагдагч шүүх, прокурорын мэдэгдэх хуудсаар дуудсан цагт хүрэлцэн ирэх, дахин гэмт хэрэг үйлдэхгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй байх талаар хувийн баталгааг бичгээр гаргаж, гарын үсэг зурна гэж заажээ. 



Өнөөдөр хонь өдөр

2 цагийн өмнө