Зөрчлийн улмаас төр, нийтийн ашиг сонирхолд учирсан 34.3 сая төгрөгийг нөхөн төлүүлжээ

Зөрчлийн улмаас төр, нийтийн ашиг сонирхолд учирсан 34.3 сая төгрөгийг нөхөн төлүүлжээ

Прокурорын байгууллага 2025 оны 12 дугаар сарын 29-ний өдрөөс 2026 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийг хүртэл хугацаанд улсын хэмжээнд зөрчил шалган шийдвэрлэх эрх бүхий албан тушаалтны хүлээн авсан 103.061 зөрчлийн талаарх гомдол, мэдээллийг зөрчлийн бүртгэл, мэдээллийн нэгдсэн санд бүртгэсэн байна.

Үүнээс эрх бүхий албан тушаалтан 98.356 буюу 95.4 хувийг газар дээр нь, 244 буюу 0.2 хувийг бүртгэлд авч хялбаршуулсан журмаар торгох шийтгэл оногдуулж, 795 буюу 0.7 хувьд нь зөрчлийн хэрэг бүртгэлтийн хэрэг нээжээ.

Прокурор эрх бүхий албан тушаалтны зөрчлийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн 448 шийдвэрийг хянаж, 12 буюу 2.7 хувийг хүчингүй болгож, зөрчлийн хэрэг нээсэн, 1 буюу 0.2 хувийг хүчингүй болгож, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа хийлгэхээр буцаасан бол 5 буюу 1.1 хувийг хүчингүй болгож, эрүүгийн хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, мөрдөн шалгах байгууллагад шилжүүлсэн байна.

Мөн эрх бүхий албан тушаалтны зөрчлийн хэргийг хэрэгсэхгүй болгосон 15 шийдвэрийг хянаж, 11 буюу 73.3 хувийг хүчингүй болгож, мөрдөн шалгах байгууллагад шилжүүлж шийдвэрлэн хохирогчийн зөрчигдсөн эрхийг сэргээжээ.

Эрх бүхий албан тушаалтны зөрчлийн холбогдогчид хууль бус, үндэслэлгүй шийтгэл оногдуулсан шийдвэрийг хянаж, тухайн шийдвэрийг хүчингүй болгуулахаар 1 дүгнэлт бичиж, холбогдох хэрэг, материалыг шүүхэд шилжүүлсэн байна.

Зөрчлийн улмаас нийт 1.273.459.000 төгрөгийн хохирол учирснаас 140.492.000 төгрөгийн буюу 11.0 хувийг, үүнээс төр, нийтийн ашиг сонирхолд учирсан 34.332.000 төгрөгийн хохирлыг зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны явцад нөхөн төлүүлжээ.