Нэг гэр бүлийн гурван хүний биед халдаж, хоёрынх нь амь насыг хөнөөсөн онц ноцтой хэрэг энэ сарын 04-ний өдөр Баянзүрх дүүрэгт гарсан билээ.
Тодруулбал, Баянзүрх дүүргийн 27 хорооны нутаг Дунд дарь эхийн ... дугаар тоотод оршин суух 30 настай эмэгтэйг дөрөв болон гурван настай охидтойгоо хамт гэртээ байхад нь сэжигтэн 48 настай Б гэгч нь мэс ашиглан халдаж, улмаар ээж болон дөрвөн настай охин нь амь насаа алдсан байгаа юм. Харин гурван настай охин нь өдгөө Цэргийн төв эмнэлгийн Эрчимт эмчилгээний тасагт хэвтэн эмчлүүлж байна. Эх сурвалжийн мэдээлж буйгаар "тухайн хэргийг хохирогчийн хөрш, сэтгэцийн өөрчлөлттэй гэх иргэн Б гэгч нь үйлдсэн байж болзошгүй байгаа бөгөөд тухайн этгээдийг цагдаагийн байгууллагаас хойшлуулшгүйгээр цагдан хорьж, мөрдөн шалгах ажиллагааг явуулж байна." Тэгвэл бид иргэдэд сэрэмжлүүлэг болгох үүднээс дараах сурвалжилгыг бэлтгэлээ.
ВИДЕО:
-ХОХИРОГЧ БОЛОН СЭЖИГТЭН ЭТГЭЭДИЙН АМЬДАРДАГ ГУДАМЖИЙГ ЦАГДААГИЙН ТУУЗ ТАТАН, ХАМГААЛАЛТАД АВЧЭЭ-

Бусдын гарт онц хэрцгийгээр амиа алдсан 30 настай эмэгтэй нь найман сартай жирэмсэн байсан бөгөөд нөхөр, гурван охины хамт амьдардаг байжээ. Хэрэг гардаг өдөр том охин нь хөрш айлынхаа эмээгийнд хонож байсан учир аймшигт хэргээс амьд үлдсэн байна. Харин нөхөр нь хэрэг гарах үед автомашин авахаар нэг цаг гаруйн хугацаанд яваад ирэх хооронд дээрх аймшигт хэрэг гарсан гэдгийг талийгаач эмэгтэйн нөхөр хэвлэлд өгсөн ярилцлагадаа дурдсан байгаа юм.
Биднийг тухайн хэргийн газарт очиход хохирогч айлын хашаа болон сэжигтэн этгээдийн амьдардаг гудамжийг цагдаагийн тууз татаж, хэргийн газрыг хамгаалалтад авсан байв. Өчигдрийн /2025.01.05/ байдлаар хэрэг гарсан гэр болон сэжигтэн этгээдийн гэрийн ойр орчимд хөл хөдөлгөөнгүй, нам гүм байлаа.
-ХӨРШ АЙЛЫН ЭМЭЭ: ХҮНД ШАРХТСАН Ч АМЬД ҮЛДСЭН ОХИН НЬ ХУРДАН ЭДГЭЖ, ААВ, ЭГЧ ХОЁРТОО ИРЭЭСЭЙ Л ГЭЖ ЗАЛБИРЧ СУУНА-

Харин талийгаач эмэгтэйн хөрш айлын эмээгээс хэргийн талаар тодруулахад "Хэрэг гарсан өдөр талийгаачийн нөхөр "Манай эхнэр, хүүхдийг минь алчихсан байна" гээд орилоод, хашгираад байсан. Тэр үед манайд хонож байсан том охин нь "Эмээ хоёулаа манай ээж дээр оръё" гэхээр нь би гэрт нь дагуулаад ортол гэр нь нил цус болчихсон нүд халтирам зүйл болсон байсан. Тэгэхээр нь гэнэт шоконд ороод айгаад охиныг нь дагуулаад гарсан.
Найман сартай жирэмсэн эмэгтэйг бага насны хүүхдүүдтэй нь алчихна гэдэг үнэхээр хүний санаанд багтамгүй зүйл. Би энэ хүмүүстэй төрөл садан биш ч гэсэн ойр дотно, том охин нь надтай ханьтай байдаг байсан юм. Энэ хэргийг манай хойд талын айлын сэтгэцийн өөрчлөлттэй хүн үйлдсэн байж болзошгүй гэж бодож байна. Тэр хүн их хүйтэн царайтай, цонхныхоо хөшигний цаанаас байнга биднийг хардаг байсан. Би ч өмнө нь бас айдаг л байсан юм. Хүнд шархдсан ч амьд үлдсэн охиных нь биеийн байдал хурдан сайжирч, аав, эгчдээ эрүүл болоод ирээсэй л гэж хүсэж, залбирч сууна даа" хэмээн сэтгэл түгшингүй ярьж байлаа.
-"ХОХИРОГЧ АЙЛЫН ХАЖУУГААР ЯВАХАД БАГА НАСНЫ ХҮҮХДҮҮД НЬ ХАШААНДАА ТОГЛООД Л ГҮЙЖ ЯВДАГ БАЙСАН"-

Мөн дугаар хороонд оршин суух иргэн "Аймшигтай хэрэг гарсныг мэдсэн. Энэ мэдээг сонсоод бие муутай эхнэрийн маань бие нь өвдөөд эмнэлгээр явж байгаад дөнгөж сая гэртээ ирлээ. Өнгөрсөн шөнө үүрээр хэрэг гарсан газарт олон цагдаа нар ирээд ажиллаад байсан. Хохирогч айлын хажуугаар явахад бага насны жаахан хүүхдүүд хашаандаа тоглоод л гүйж явдаг байсан юм. Түүнээс хэн хэнийг нь нарийн сайн танихгүй ээ" хэмээн ярьж байлаа.
-ГУРВАН НАСТАЙ ОХИНЫ БИЕИЙН БАЙДАЛ ХҮНД, "ЁО ЁО" ГЭХЭЭС ӨӨР ҮГ ХЭЛЖ ЧАДАХГҮЙ БАЙГАА АЖ-
Зарим эх сурвалжуудын мэдээлж буйгаар эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй гурван настай охины биеийн байдал хүнд "ёо ёо" гэхээс өөр үг хэлж чадахгүй байгаа аж. Харин дээрх хэргийг үйлдсэн байж болзошгүй сэжигтэн этгээдийг цагдан хорьж шалгаж байгаа бөгөөд сэтгэцийн хувьд эрүүл эсэхийг тогтоох зэрэг ажиллагааг мөрдөх байгууллагаас явуулж байгаа юм байна.

Монгол Улсын Үндсэн хуульд хүн амьд явах, эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхтэй гэж заасан. Гэвч өнөөдөр энэхүү эрх хангагдахгүй, сэтгэцийн өөрчлөлттэй гэх этгээд хөрш айлынхаа эхнэр, хүүхдүүдийнх нь биед халдаж, хоёрынх нь амь насыг онц ноцтойгоор хөнөөсөн байж болзошгүй аймшигт хэрэг гарч, нийгмийг цочирдууллаа. Иймд иргэдэд анхаарал болгоомжтой байхыг сэрэмжлүүлж энэхүү мэдээллийг бэлтгэлээ.
