“Нийслэлчүүд түгжрэлд зарцуулсан цаг хугацаа, шатахуун зэргийг тооцож үзвэл жилд 900 сая орчим ам.долларыг зарцуулдаг. Энэ бол 2024 оны судалгаа. Цаашид энэ асуудал иймэрхүү байдлаар үргэлжилбэл 2030 он гэхэд нэг тэрбум ам.доллар хүрнэ”. Энэ бол Хотын дарга Х.Нямбаатарын мэдэгдэл. Цаашлаад Улаанбаатарчууд жилд 717 цагийг түгжрэлд зарцуулдаг гэсэн судалгаа ч бий.
ВИДЕО:
“МОНГОЛ ЗАНГАА ГЭЭГЭЭГҮЙ ЖОЛООЧ НАР УХААЛАГ ЗОГСООЛЫГ ЭВДЭЖ ЭХЭЛЖЭЭ"
Түгжрэл үүсэж буй нэг шалтгаан нь нийтийн эзэмшлийн зогсоолуудад автомашинаа сар, жилээр орхиод явдаг жолооч нар. Угтаа нийтийн зогсоолууд нэмэгдэж, эргэх холбоо сайжирснаар түгжрэл буурна гэдгийг мэргэжилтнүүд хэлдэг. Үүний дагуу нийслэлийн нийтийн эзэмшлийн авто зогсоолуудыг ухаалаг системд шилжүүлж буй. Тухайлбал, өнгөрсөн онд 33 зогсоолыг ухаалаг системд шилжүүлсэн. Ирэх онд энэ тоог 50 болгон нэмэгдүүлэх талаар хотын удирдлагууд мэдэгдэж байгаа.

Тус ухаалаг авто зогсоол нь цахилгаан автомашин цэнэглэх систем, автомат төлбөрийн систем зэрэгтэй. Ингэснээр иргэд нэгдсэн системд холбогдож, авто зогсоолыг урьдчилж захиалах зэргээр цаг хугацаагаа хэмнэх боломжтой юм. Гэтэл би л болж байвал бусад нь хамаагүй гэх “Монгол зан”-гаа гээгээгүй жолооч нар тус ухаалаг зогсоолын хаалтыг дугуйгаараа дарж, орхисноор эвдэж эхэлжээ.

Цаашлаад тус ухаалаг зогсоолд авто машинаа тавихыг хүсээгүй жолооч нар нэгдүгээр эгнээнд автомашинаа орхисон хэвээр байна. Манай сурвалжилах баг Төв талбайн баруун талд , "Гутлын 22" хэсгийг зорилоо. Энэ бол нийслэлд байршуулсан 33 ухаалаг зогсоолын нэг юм. Энэ хэсэгт гэхэд 10 жолооч тутмын тав нь уг ухаалаг зогсоолыг зориулалтын бусаар ашиглаж байлаа.
Жолооч нарын төлөөлөл “Би энд удахгүй. Мөнгө төлөх шаардлагагүй. Чамд хамаагүй” гэх тайлбарыг хэлж байна.

“Таны эрх бусдын эрхээр хязгаарлагдана”. Энэ бол ардчиллын алтан зарчим. Харин энэ мэт өөрийгөө л гэсэн хандлага байсаар байвал нийслэлд хэдэн мянган зогсоол нэмж бариад ч түгжрэл буурахгүй. Иймд, жолооч нарын хариуцлагыг нэмэгдүүлэх зорилгоор тус ухаалаг зогсоолуудад хяналтын камер тавихаар төлөвлөсөн байна.
"ДЭЛХИЙН БАНКНЫ ТӨСЛИЙН ХҮРЭЭНД ЗХУТ-Д ЗОГСООЛЫН УДИРДЛАГЫН ТӨВ БИЙ БОЛГОНО"
"Улаанбаатар хотын хөгжлийн корпораци" ХК-ийн Төслийн удирдагч Б.Загдсамбар “НЗД-ын захирамжаар авто зогсоолын стратеги, төлөвлөгөө батлагдсан. ИнгэснээрУлаанбаатар хотын авто зогсоолын менежментийг хэрэгжүүлэх чиг үүрэг бүрэн манай компанид шилжиж ирсэн. Өмнө нь ЗХУТ-д харьяалагддаг байсан. Бид хоёр янзаар авто зогсоолыг шинэчилж байна.
Нэгдүгээрт, зам дагуу буюу нэгдүгээр эгнээний авто зогсоол. Чингис хааны музей, СЕХ-ны үүдний зогсоол гэх мэт. Мөн хаалттай зогсоолууд багтаж байна. Өнөөдрийн байдлаар нийт 386 хаалтыг суурилуулсан байна. Эдгээр ажлыг хийхэд багагүй хүндрэл бэрхшээл гарч байна. Тухайлбал, цахилгаан шугам сүлжээг шилжүүлэх, замын асфальтыг нь шинээр хучих гэх мэт. Дэлхийн банкнаас авто зогсоолын менежментийн талаар зөвлөмж гаргасан.
Улаанбаатар хотод 110 мянга гаруй авто зогсоол бий. Эдгээр зогсоолуудыг үе шаттайгаар ухаалаг болгоно. Цаашлаад өмнө нь зогсоол ажиллуулж байсан зөвшөөрөлгүй иргэд үйл ажиллагаа явуулах, тоног төхөөрөмжийг эвдэх, авто зогсоол дотор машинаа хөндлөн тавих зэрэг зөрчил гардаг. Иймд, Дэлхийн банкнаас өгсөн зөвлөмжийн дагуу ухаалаг зогсоолуудад хяналтын камераар хяналт тавьж, хариуцлагыг нэмэгдүүлэх ёстой. Мөн Дэлхийн банкны төслийн хүрээнд ЗХУТ-д зогсоолын удирдлагын төв бий болгоно. Ингэснээр зөрчил бүрт арга хэмжээ тооцно" гэв.
