Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Ж.Ганбатыг үүрэгт ажлаас нь чөлөөлөөд байгаа билээ. Харин түүний оронд Эрчим хүчний дэд сайдаар ажиллаж байсан М.Баярмагнайг томилох гэж байгаа талаарх мэдээлэл гарах болсон.
Тэгвэл Сангийн яамны Төрийн нарийн бичгийн даргад нэр нь яригдаж байгаа М.Баярмагнай нь Хөгжлийн банкны хэргээр шүүхээс ял шийтгэгдэж байсан нэгэн аж.
Тодруулбал, Сүхбаатар, Чингэлтэй, Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх өнгөрсөн есдүгээр сард /2025.09.17/ "Хөгжлийн банк"-ны хэргийг хэлэлцэж, шийдвэрээ гаргасан байдаг.
- Ингэхдээ Хөгжлийн банкны төлөөлөн удирдах зөвлөлийн даргаар ажиллаж байсан М.Баярмагнайг Хөгжлийн банкны төлөөлөн удирдах зөвлөлийн даргаар ажиллаж байхдаа буюу 2018 оны долдугаар сарын 06-ны өдрийн 57 дугаартай “Төв аймгийн Заамар сумын нутагт орших Зүүншанд, Улаан шивэртийн амны алтны шороон ордыг ашиглах” төслийг хэрэгжүүлэгч “Мондулаан трейд” ХХК-д 15 тэрбум төгрөгийн зээл олгохыг зөвшөөрсөн тогтоолын нөхцөл хангагдаагүй, Хууль эрх зүйн хэлтсээс хянаагүй байхад 2018 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр ЗГ-МДТ-3 2018-177 дугаартай зээлийн гэрээг байгуулж, гэрээний дагуу 15 тэрбум төгрөгийг шилжүүлж их хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдэхэд дэмжлэг үзүүлж, хамжигчаар хамтран оролцсон,
- Мөн М.Баярмагнай, Ж.Бат-Эрдэнэ, Д.Даваасамбуу, Ж.Оюунчимэг, Ж.Үхэртар С.Магнайсүрэн нарыг Монгол Улсын Хөгжлийн банкны Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга, гишүүнээр ажиллаж байхдаа урьдчилан үгсэн тохиролцоогүй боловч үйлдлээрээ санаатай нэгдэж, “Бэрэн групп” ХХК-ийн хэрэгжүүлж буй “Барилгын арматурын үйлдвэр” төслийн эргэлтийн хөрөнгөд шаардлагатай 4,5 сая хүртэл ам.долларын санхүүжилт олох тухай” санхүүжилт олгох эсэхийг шийдвэрлэхдээ албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, Төлөөлөн удирдах зөвлөлөөс мөн өдөр 36 дугаартай тогтоол гэрээ байгуулах, зээл олгох эрхийг Монгол Улсын Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал Б.Батбаярт олгож, “Бэрэн групп” ХХК-д давуу байдал бий болгосны улмаас, Монгол Улсын Хөгжлийн банканд их хэмжээний буюу 472 10.864.305.000.00 төгрөгийн /4,500,000 ам.доллар/ буюу их хэмжээний хохирол учруулсан гэм буруутай тооцож,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг хоёр жилийн хугацаагаар хасаж, 10 мянган нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10 сая төгрөгөөр торгох ял оноосон юм. Шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15 мянган төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг анхааруулсан байдаг. Мөн эрх хасах нэмэгдэл ялыг тэдэнд ял оногдуулсан үеэс тоолсугай хэмээн анхан шатны шүүхээс алх цохиж байжээ.