Хамтран амьдрагчаа хөнөөж, цогцсыг нь шүүгээнд нуусан байсан онц ноцтой хэрэг өнгөрсөн есдүгээр сард гарсан билээ.
Тодруулбал, өнгөрсөн есдүгээр сарын 21-ний өдөр С.У гэх 45 настай эрэгтэй нь өөрийн хамтран амьдрагч болох 30 настай эмэгтэйг онц харгис хэрцгийгээр хөнөөгөөд цогцсыг нь шүүгээнд нуусан байсныг цагдаагийнхан олж тогтоон, мөрдөн шалгах ажиллагааг явуулсан байдаг. Энэ талаарх дуудлага мэдээллийг сэжигтэн этгээдийн дүү өгсөн бөгөөд "Манай ах хамтран амьдрагчаа алчихсан гээд 2-3 хоног архи уугаад байна" гэх мэдээллийг анх цагдаагийн байгууллагад өгснөөр хэргийг илрүүлсэн байдаг юм.
Улмаар прокуророос түүнийг Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэг буюу онц хэрцгийгээр, 10.1 дүгээр зүйлийн 2.8 дахь хэсэг болох гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн хэмээн яллаж хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.
Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйл.Хүнийг алах
- 1.Хүнийг алсан бол найман жилээс арван таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
- 2.Хүнийг:
- 2.1.онц харгис хэрцгийгээр;
- 2.8.гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж алсан бол арван хоёр жилээс хорин жил хүртэл хугацаагаар, эсхүл бүх насаар нь хорих ял шийтгэнэ.