Сүүлийн саруудад шатахууны хомсдолтой холбоотойгоор иргэд болоод шатахуун түгээгч нарын хооронд үл ойлголцол ихээр гарах болсон. Улмаар хэн нэгнийхээ биед халдаж буй бичлэг цахим орчинд цацагдах болоод буй. Хамгийн сүүлд гэхэд өчигдөр орой нэр бүхий иргэн "Тэс ШТС-ын түгээгчийн биед халдаж буй бичлэг цацагдсан байдаг.
ВИДЕО:
Энэ бол муухай шүү. Бид адилхан л Монголчууд хүнд үеийг хамтдаа даван гарах гэж хичээх ёстой болохоос зүтгэж байгаа нэгнээ барьж зодоод байж болохгүй шүү...
— Гонгорын Дамдинням (@Daimka07) December 24, 2025
100% хүнээс хамааралтай шатахууны бэрхшээл биднээс үл хамаарах асуудлаас үүсэлтэй шүү дээ. Хүнд цаг үеийг даван гарах гэж… pic.twitter.com/07kF6ct5eh
Энэ талаар Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням цахим сүлжээндээ "Энэ бол муухай шүү. Бид адилхан л Монголчууд хүнд үеийг хамтдаа даван гарах гэж хичээх ёстой болохоос зүтгэж байгаа нэгнээ барьж зодоод байж болохгүй шүү... 100 хувь хүнээс хамааралтай шатахууны бэрхшээл биднээс үл хамаарах асуудлаас үүсэлтэй шүү дээ. Хүнд цаг үеийг даван гарах гэж төр, хувийн хэвшил бүгд хамтраад байгаа бүх боломжоороо хичээж зүтгэж байгаа. Ялангуяа хөөрхий хэдэн ШТС-н түгээгчид хатуу хөтүүтэй нүүр тулж 3 сар болж байгаа. Хаа хаанаа бэрхшээлтэй байдлыг ойлгож бие биедээ хүндэтгэлтэй хандацгаая манайхаан" хэмээн бичсэн байв.
Тэгвэл тус хэргийг цагдаагийн байгууллагаас шалгаж, хэрэгт холбогдогчийг хайж эхэлсэн байна. Тодруулбал, Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт байрлах "Тэс" шатахуун түгээх станцаас нэгэн иргэн цэвэр усны саваар шатахуун авахаар маргалдаж, улмаар түгээгчийн биед халдсан хэргийг цагдаагийн байгууллагаас шалгаж, улмаар хэрэгт холбогдогчийг хайж байгаа аж.