"С.Баяр, С.Баярцогт нарт ял төлөвлөж байсан" гэх өмгөөлөгч асан Б.Баасанцогт шүүхээс оноосон 4.4 жилийн ялын талыг нь биеэр эдлээд магадлангаар суллагджээ

"С.Баяр, С.Баярцогт нарт ял төлөвлөж байсан" гэх өмгөөлөгч асан Б.Баасанцогт шүүхээс оноосон 4.4 жилийн ялын талыг нь биеэр эдлээд магадлангаар суллагджээ

"Оюутолгой"-н бүлэг ордын асуудлаарх Хяналтын сонсгол энэ сарын /2025.12.08-2025.12.12/ эхээр болж өндөрлөсөн билээ. Харин уг сонсголтой холбоотой мэдээлэл өдгөө ч олны анхаарлыг татсан хэвээр байна.

-С.БАЯР, С.БАЯРЦОГТ НАРТ ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ТАМГЫН ГАЗРААС ЯЛ ЗАХИАЛЖ, ӨМГӨӨЛӨГЧ Б.БААСАНЦОГТ ГҮЙЦЭТГЭХЭД ОРОЛЦСОН УУ-

"Оюутолгой"-н бүлэг ордын асуудлаарх Хяналтын сонсголд гэрчээр оролцсон Ерөнхий сайд асан С.Баяр болон Сангийн сайд асан С.Баярцогт нар нь Оюунтолгойн гэрээтэй холбоотой шүүхээс ял шийтгэсэн нь лифтэнд ёс зүйгүй үйлдэл гаргасан үйлдлээрээ олонд танигдсан, өмгөөлөгч асан Б.Баасанцогттой холбоотой гэдгийг мэдээлсэн байдаг.

Тодотговол, Сангийн сайд асан С.Баярцогт NTV телевизийн "Лхагвын тойм" нэвтрүүлгийн үеэр "Монгол Улсын Ерөнхийлөгч асан Х.Баттулга шүүх хурал болох өдөр нь өөртэй нь хамтарч ажиллах саналыг хоёр дахь удаагаа тавьсан. Харин би нөхцөлийг нь хүлээж аваагүй. Тиймээс ч шүүхээс 10 жилийн хорих ял сонссон. ҮАБЗ-ийн Ажлын албаны компьютер дотроос “Хэнд ямар ял өгөх вэ” гээд “ворд” дээр шивчихсэн файлууд нь гарч ирээд, тэр өмгөөлөгч нь өөрөө ялаа аваад явсан шүү дээ" хэмээн ярьсан байдаг. 

ВИДЕО: 

Харин Ерөнхий сайд асан С.Баяр "Надад ял өгөхөд Ерөнхийлөгчийн Тамгын газраас захиалсан юм болов уу гэж би боддог. Лифтэнд янз бүрийн хөдөлгөөн хийсэн, Ерөнхийлөгчийн Тамгын газар ажилладаг байсан өмгөөлөгчийн компьютер дотроос С.Баярт хэдэн жилийн ял, Энхсайхан хэдэн жилийн ял, Баярцогтод, Да.Ганболдод хэдэн жилийн ял гээд биччихсэн ялын төлөвлөгөө гарч ирсэн гэдэг. Эдгээрээс үзэхээр бидэнд ял өгсөн шүүгчид тушаал өгөөд ял өгүүлсэн л гэж боддог" хэмээн ярьж байсан аж. 

ВИДЕО: 

-ЕРӨНХИЙЛӨГЧ АСАН Х.БАТТУЛГА ҮЕД Б.БААСАНЦОГТ ГЭРЭЭГЭЭР ӨМГӨӨЛӨГЧИЙН ҮҮРЭГ ГҮЙЦЭТГЭЖ БАЙЖЭЭ- 

Тэгвэл лифтэнд ёс зүйгүй үйлдэл гаргаж, 2023 онд шүүхээс 4.4 жилийн хорих ял сонссон өмгөөлөгч асан Б.Баасанцогт нь шүүхээс оноосон хорих ялыг эдэлж байгаа юу, тэрбээр дээрх мэдээлэлд дурдагдсан шиг Ерөнхийлөгч асан Х.Баттулгатай ойр байсан уу гэх мэдээллийг сонирхож, зарим эх сурвалжуудаас тодруулсан юм. 

Өмгөөлөгч асан Б.Баасанцогт нарт холбогдох хэргийг Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2022 оны аравдугаар сарын 13-ны өдөр хэлэлцээд шүүгдэгч Б.Баасанцогтыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар биеэ үнэлэхийг зохион байгуулах гэмт хэргийг орон байраар хангасан гэмт хэргийг, өөртөө давуу байдал бий болгох зорилгоор бусдад албаны бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан эд зүйл өгсөн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, нийтийн албанд томилогдох эрхийг 5 /тав/ жилийн хугацаагаар хасаж, нийт 4 жил 4 сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийтгэсэн байдаг. 

Харин Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүх тус хэргийг 2023 оны хоёрдугаар сарын 08-ны өдөр хэлэлцээд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээсэн бол Улсын дээд шүүх тус хэргийг хэлэлцэхээс татгалзаж байсан юм.

Товчхондоо, шүүхээс Б.Баасанцогтод 4.4 жилийн хорих ялыг оноож байв. Тэгвэл Б.Баасанцогт нь шүүхээс оноосон хорих ялын 50 хувийг эдэлж дуусаад өнгөрсөн жил буюу 2024 онд магадлангаар шүүхээс суллагдан, эрх чөлөөтэй болсон байна.  Харин Б.Баасанцогт нь Ерөнхийлөгч асан Х.Баттулгын үед гэрээгээр өмгөөлөгчийн үүрэг гүйцэтгэж байсан гэх мэдээлэл байгаа юм. Магадгүй тэрбээр ийнхүү тус ажил үүргийг гүйцэтгэж байхдаа дээр дурдсанчлан С.Баяр, С.Баярцогт нарт ял төлөвлөсөн байсан байж магадгүй юм.