"10 тэрбум долларын алдагдалтай" гэх Харбины гэрээг шалгах Ж.Баярмаагийн түр хороог байгуулах асуудлыг УИХ-аар хэлэлцлээ

"10 тэрбум долларын алдагдалтай" гэх Харбины гэрээг шалгах Ж.Баярмаагийн түр хороог байгуулах асуудлыг УИХ-аар хэлэлцлээ

УИХ-ын гишүүн Ж.Баярмаа, Д.Ганбат нар өнгөрсөн есдүгээр сарын 25-ны өдрөөс "Төмөр замын хил холболтын гэрээг хянан шалгах түр хороо байгуулах тогтоолын төсөл"-д гишүүдийн гарын үсгийг цуглуулж эхэлсэн бөгөөд хуулийн дагуу 32-оос доошгүй гишүүн дэмжиж гарын үсэг зурсан. Тодруулбал, тэд өнгөрсөн хоёрдугаар сарын 17-ны өдөр БНХАУ-ын Харбин хотод байгуулсан “Гашуунсухайт-Ганцмодны боомтын хил холболтын төмөр замын гэрээ”-г шалгах талаар хөндсөн нь энэ юм.

Гэтэл тэдний араас УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ "Ухаа худаг"-ийн асуудлыг хянан шалгах түр хороо байгуулахаар санаачилж, 32 гишүүний  дэмжлэгийг авч өнгөрсөн аравдугаар сарын 06-ны өдөр /2025.10.06/ олон нийтэд мэдэгдэлгүйгээр чимээгүй УИХ-д өргөн барьсан ч УИХ-аас дэмжлэг авч чадаагүй. 

Ингэснээр Ж.Баярмаа, Д.Ганбат нар түр хороо байгуулах боломжгүй болоод байв. Учир нь УИХ-ын гишүүн О.Батнайрамдал “Оюутолгой бүлэг ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах, хүртэх өгөөжийг нэмэгдүүлэх”-тэй холбоотой баримт бичиг, үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх хянан шалгах түр хороо байгуулах тухай тогтоолын төслийг УИХ-д өргөн бариад байсан. Нэгэнт Л.Оюун-Эрдэнэ, О.Батнайрамдал нар түр хороо байгуулах тогтоолын төслийг өргөн барьсан учир Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 28.6-т заасан “Тухайн ээлжит чуулганы хугацаанд хоёр хүртэл хянан шалгах түр хороо ажиллаж байгаа бол Монгол Улсын Үндсэн хуулийн 28.2 дахь хэсэгт заасны дагуу гаргасан хянан шалгах түр хороо байгуулах саналыг дараагийн ээлжит чуулганы хугацаанд хэлэлцэнэ” гэсний дагуу Ж.Баярмаа нар түр хороо байгуулах тогтоолын төслөө өргөн барих боломжгүй болсон. 

Тэгвэл Л.Оюун-Эрдэнийн түр хороо байгуулах санал УИХ-аас дэмжлэг авч чадалгүй унасан учир Ж.Баярмаа, Д.Ганбат нар түр хороо байгуулах асуудлыг энэ долоо хоногт УИХ-аар хэлэлцэж байна. 

Тухайлбал, өнөөдөр үдээс өмнөх нэгдсэн хуралдааны төгсгөлд уг асуудлыг хэлэлцлээ. Уг тогтоолын төслийг Эдийн засгийн байнгын хороо 2025 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн хуралдаанаараа хэлэлцсэн бөгөөд Байнгын хорооны хуралдаанаар Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.4 дэх хэсгийг баримтлан тусгай шалгалтын сэдэв, хүрээ хязгаар Монгол Улсын Үндсэн хуульд харшилсан эсэх талаар санал хураалт явуулах үед хуралдаанд оролцсон гишүүдийн олонх буюу 64.7 хувь нь Хянан шалгах түр хорооны тусгай шалгалтын сэдэв, хүрээ хязгаар нь Монгол Улсын Үндсэн хуульд нийцсэн гэж үзэж, тогтоолын төслийг чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэхийг дэмжсэн. “Хянан шалгах түр хороо байгуулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн талаарх Ж.Баярмаа гишүүний танилцуулга, Эдийн засгийн байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Д.Рэгдэл асуулт асууж, төсөл санаачлагч болон Засгийн газрын гишүүн Б.Дэлгэрсайхан нараас хариулт авч үүгээр чуулганы хуралдааныг завсарлууллаа.