УИХ-ын дарга асан Д.Амарбаясгаланг АТГ-аас яллагдагчаар татан, мөрдөн шалгаж байгаа билээ.
Түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дэх зүйлийн нэгдүгээр хэсэгт заасан улс төрд нөлөө бүхий этгээд эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах, их хэмжээний хахууль авах болон улс төрд нөлөө бүхий этгээд үндэслэлгүйгээр хөрөнгөжих гэсэн зүйл ангиар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татан мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа юм.
УИХ-ЫН ДАРГЫН ТӨСВИЙН 2024 ОНЫ ТӨСВИЙН ГҮЙЦЭТГЭЛД АУДИТ ХИЙЖЭЭ

Тэгвэл Аудитын байгууллагаас 2024 оны төсвийн ерөнхийлөн захирагчдын тайланд аудит хийсэн байна. Ингэхэд УИХ-ын дарга асан Д.Амарбаясгалан нь Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж, анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойг улс орон даяар тэмдэглэх үйл ажиллагааны зардалд Засгийн газрын нөөц сангаас 4.3 тэрбум төгрөгийг зарцуулсан байсан гэдгийг дүгнэсэн байна.
Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж, анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойн хүрээнд их, дээд сургууль, ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн сурагчдад зориулан “Анхдугаар Үндсэн хуулийн мөн чанар, агуулга, ач холбогдол”, “Үндсэн хуульт ёс: өнгөрсөн, одоо, ирээдүй” сэдэвт эрдэм шинжилгээний хурал, ойд зориулсан үзэсгэлэн, хүчит бөхийн барилдаан болон төрийн ёслол хүндэтгэлийн бусад арга хэмжээг зохион байгуулсан байдаг аж.
Мөн Монгол Улсын Засгийн газраас 2024 оныг "Бүсчилсэн хөгжлийг дэмжих жил болгон зарласантай холбогдуулан бүсчилсэн форумыг улсын хэмжээнд зохион байгуулахад зориулж, Улсын Их Хурлын Тамгын газарт Засгийн газрын нөөц сангаас 1.4 тэрбум төгрөгийн санхүүжилт олгосон байсан нь аудитын байгууллагын шалгалтаар илэрчээ.