ВИДЕО: Анхан шатны шүүхээс 3 жилийн хорих ял сонссон Г.Чинзориг шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрч, давж заалдсангүй

ВИДЕО: Анхан шатны шүүхээс 3 жилийн хорих ял сонссон Г.Чинзориг шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрч, давж заалдсангүй

Холимог тулааны тамирчин гэгддэг иргэн Г.Чинзориг нь энэ оны зургаадугаар сарын 26-ны өдөр иргэн М.Тэнгистэй үл ялих зүйлээс болж маргалдан, биед нь халдсан хэргээр анхан шатны шүүхээс гурван жилийн хорих ял сонссон билээ. 

ВИДЕО: 

Тодруулбал, Г.Чинзориг нь энэ оны зургаадугаар сарын 26-ны /2025.06.26/ өдөр Чингэлтэй 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг "Халиун" авто засварын газарт иргэн М.Тэнгисийг тэвэрч унаган нуруу, толгой хэсэгт гурван удаа өшиглөн зодож, улмаар хохирогч ухаан балартан биеэ хамгаалах чадваргүй байх үед уг үйлдлийг таслан зогсоох гэсэн "Б"-ийн үйлдлийг үл харгалзан үргэлжлүүлэн авто машины төмөр эд ангийг зэвсгийн чанартайгаар ашиглан зодсон байдаг. 

Улмаар хуулийн байгууллагаас түүнийг цагдан хорьж, мөрдөн шалгах ажиллагааг явуулж, прокуророос Г.Чинзоригт холбогдох хэрэгт Эрүүгийн хуулийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйл "Хүнийг алах"-ийн 2.1 "онц харгис хэрцгийгээр", 2.7 "хохирогчийг биеэ хамгаалж чадахгүйг мэдсээр байж" дахь хэсэгт зааснаар, харин М.Тэнгисийг Эрүүгийн хуулийн 11.6-1 дэх хэсэгт зааснаар буюу хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан хэмээн яллаж, хэргийг шүүхэд шилжүүлж байсан юм.

Ингээд Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх тус хэргийг хэлэлцээд шүүгдэгч Г.Чинзоригт гурван жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр, харин шүүгдэгч М.Тэнгист 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500 мянган төгрөгөөр торгох ял шийтгэж шийдвэрлэсэн байдаг. 

Тэгвэл Г.Чинзориг нь анхан шатны шүүхээс оноосон ялыг хүлээн зөвшөөрч, давж заалдах гомдол гаргаагүй байна.

Тэрбээр өөрийн найз болох М.Тэнгисийн биед халдаж, гэмтэл учруулсан гэм буруугаа болон анхан шатны шүүхээс оноосон гурван жилийн хорих ялыг хүлээн зөвшөөрч, давж заалдах гомдол гаргаагүй аж. Мөн Г.Чинзоригт хөнгөн гэмтэл учруулсан хэргээр торгох ял сонссон М.Тэнгис ч мөн давж заалдаагүй, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрчээ. 

Ийнхүү шүүгдэгч нарын хэн нь ч анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцээгүй, прокуророос эсэргүүцэл бичээгүй учир Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болж, Г.Чинзориг гурван жилийн хорих ялыг нээлттэй хорих ангид эдлэхээр боллоо.