Д.Эрхэс: Танил ах маань миний дансыг ашиглаж, мөрийтэй тоглоом зохион байгуулсан нь намайг хэрэгт оруулж, би шалгагдаж байгаа

Д.Эрхэс: Танил ах маань миний дансыг ашиглаж, мөрийтэй тоглоом зохион байгуулсан нь намайг хэрэгт оруулж, би шалгагдаж байгаа

“Би картгүй, та дансаа ашиглуулаач” хэмээн хэн нэгэн гуйж байсан уу. Эсвэл дансаа ашиглуулаач, мөнгө төгрөг өгье" хэмээн ойр дотнын хүмүүс болоод үл таних хэн нэгэн гуйх тохиолдол гарч байсан уу. Тэгвэл энэ бүхний ард хууль бус мөнгө эргэлдэж байх магадлалтай бөгөөд дансаа бусдад ашиглуулсан тохиолдолд Эрүүгийн хуулиар ял шийтгүүлэх хуулийн зохицуулалтай аж. Иймд бид сэрэмжлүүлэг болгох үүднээс хамаатны ахдаа дансаа ашиглуулсныхнаа төлөө цагдаагийн байгууллагад шалгагдаж буй иргэн Д.Эрхэстэй энэ талаар ярилцлаа. 

ВИДЕО:

-Таны хувьд ямар хэрэгт холбогдоод өнөөдөр цагдаагийн байгууллагат шалгагдаад явж байгаа вэ?

-Би өөрийнхөө нэр дээрх огт ашигладаггүй байсан дансаа хамаатны ахдаа ашиглуулдаг байсан юм. Гэтэл нэг өдөр цагдаагийн байгууллагаас намайг дуудсан. Ямар ч хэрэг хийгээгүй байхад дуудахаар мэдээж гайхна. Гэтэл хамаатны ах маань дансыг маань хууль бус зүйлд ашиглаж байсан болж таарсан. Ингээд л шалгагдаад явж байна.

-Хамаатны ах тань дансыг чинь ямар зориулалтаар ашиглах гэж байгаа гэж тайлбарласан бол. Хэр удаан хугацаанд ашигласан бэ?

-Өнгөрсөн жил холбогдоод Ах нь зээлтэй болохоор миний данс руу мөнгө орохоор татаад байна”. Тийм учраас чи надад  дансаа ашиглуулаач  гэж тайлбарласан.  Тэгээд сардаа эсвэл хэд хоногтоо 50 юм уу 100 мянган төгрөг өгөөд байсан болохоор надад ашигтай санагдсан хэрэг. Тэгээд  л нэвтрэх нэр, нууц үг, гүйлгээний нууц үг зэргээ хэлээд өгчихсөн юм. Сүүлдээ тэр дансаа байдаг  эсэхээ ч мартчихсан байх үед цагдаагийн байгууллагаас холбогдсон. Одоо мэдүүлэг өгөөд  шалгагдаад явж байгаа.

-Дансыг чинь ашиглаад хэдэн төгрөгийн орлого, зарлага зэрэг гарч байгааг анзаарч байгаагүй юу?

-Миний ашигладаггүй данс учир орлого, зарлагын мэдээлэл ирдэггүй байсан. Тэр хамаатны ах маань өөрийнх нь үндсэн данс мөнгө орохоор татаад байгаа гэж л хэлсэн юм. Гэхдээ өнгөрсөн нэг жилийн хугацаанд огт холбоогүй байгаагүй юм. Хааяа утсаар ярьж, чат бичдэг байсан болохоор бас нэг их зүйл бодоогүй. -Хамаатны ах тань дансыг нь ямар байдлаар ашиглаж байсан гэдгийг мэдсэн болов уу? -Цагдаагаас холбогдож дуудах үед би ахтай холбогдож уулзсан. Тэгээд л тэр хамаатны ах маань мөрийтэй тоглоом зохион байгуулдаг гэдгийг мэдсэн. Харин миний дансыг ашиглаж орлого, зарлагаа гаргадаг болж таарсан.

-Танд мөнгө өгдөг байсан гэж хэллээ. Ойролцоогоор хэдэн төгрөг авсан бол.

-Тэр ах маань сардаа 50 эсвэл 100 мянган төгрөг өгдөг байсан. Миний нөгөө дансыг мэддэг байсан болохоор ах нь хийчихсэн шүү л гэж хэлдэг байлаа. Хааяа мөнгөний хэрэг гарсан үед ахаас мөнгө гуйхад мөн өгдөг байсан. Өнгөрсөн нэг жилийн хугацаанд ойролцоогоор хоёр сая орчим төгрөг авсан байх гэж бодож байна.

-Хүн дансаа ашиглуулах нь өөрөө гэмт хэрэгт холбогдох хуулийн зохицуулалттай юм байна шүү дээ. Энэ талаар та мэддэг байсан уу?

-Би ёстой энэ талаар огт мэдээлэлгүй байсан. Өөрөө ямар нэг гэмт хэрэг үйлдээгүй хэр нь гэмт хэрэгт үйлдсэнтэй ялгаагүй байна гэж хэн санах билээ. Гэтэл өөрийнхөө дансаа ашиглуулсан тохиолдолд Эрүүгийн хариуцлага хүлээдэг юм байна. Одоо ч энэ нөхцөл байдалд итгэж өгөхгүй байна.

-Та одоо бусдад сэрэмжлүүлэг болох үүднээс юу гэж хэлэхийг хүсэж байна вэ?

-Миний үеийн залуучуудад их анзаарагддаг алдаа санагдсан. Ер нь фейсбүүк дээр ч энэ төрлийн зар их байдаг юм билээ. Дансаа ашиглуулаад өдрийн тэдэн төгрөг ол гэх мэт зар байдаг гэдгийг анзаарсан. Энэ бүгд цаанаа ийм л учиртай байдаг юм байна. Тийм учраас үеийн залуус болон дүү нартаа хэлэхэд өөрийнхөө нэр дээрх дансаа хэнд ч бүү ашиглуулаарай хэмээн захиж хэлэх байна.