НҮБ-аас тунхагласан Авлигын эсрэг олон улсын өдрийг энэ жил “Авлигын эсрэг залуустай хамт нэгдье” уриан дор тэмдэглэн өнгөрүүлж байна.
АТГ энэ оны эхний 11 сарын байдлаар авлигын эсрэг 617 удаагийн сургалтад 37020 хүнийг хамруулж, авлига үүсгэж болзошгүй 255 шийдвэрийг хянажээ. Авлигын эрсдэлээс урьдчилан сэргийлэх чиглэлээр 81 төрийн байгууллага, албан тушаалтанд Зөвлөмж хүргүүлэн хэрэгжилтэд хяналт тавин ажилласан байна. Авлига, ашиг сонирхлын зөрчлийн шинжтэй 988 гомдол, мэдээллийг хянан шалгаснаас 918 гомдол, мэдээллийг эцэслэн шийдвэрлэж, 78 албан тушаалтанд сануулах, цалин бууруулах, албан тушаал бууруулах, ажлаас халах зэрэг хариуцлага хүлээлгэсэн гэв.
Албан тушаалтны хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө, орлогын мэдүүлгийн хяналт шалгалтаар авлигын гэмт хэргийн шинжтэй байж болзошгүй нөхцөл байдлуудыг тогтоож, 18 мэдүүлэг гаргагчийг үндэслэлгүйгээр хөрөнгөжих гэмт хэрэгт холбогдуулан шалгаж байна. Авлигатай тэмцэх газар 2019-2025 онд авлигын 11006 гэмт хэрэг шалгасан бөгөөд энэ хугацаанд 3,0 их наяд төгрөгийн хохирлыг мөрдөн шалгах ажиллагааны явцад нөхөн төлүүлж, улсын төсөвт төвлөрүүлжээ. Авлигын улмаас гадаад улсад хулгайлагдсан хөрөнгийг буцаах чиглэлээр хүчин чармайлт гарган, нийт 13.9 сая ам.долларын хөрөнгийг улсдаа буцаан авчирсан байна.
Авлигатай тэмцэх газар энэ онд Хөрөнгө буцаах сүлжээний Удирдах зөвлөлийн гишүүнээр сонгогдож, даргалагч улсын статусаар Ази, Номхон далайн бүсийн хөрөнгө буцаах байгууллагууд хоорондын сүлжээ (ARIN-AP)-ний Удирдах зөвлөлийн хурал болон 10 дугаар Бүгд хурлыг эх орондоо хоёр дахь удаагаа амжилттай зохион байгуулжээ.