Одоогоос 17 жилийн өмнө үйлдэгдсэн хүн амины хэргийг илрүүлж, шүүхээр эцэслэн шийдвэрлүүлсэн байна.
Тодруулбал, 2007 оны тавдугаар сарын 15-наас 16-нд шилжих шөнө Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын есдүгээр багийн нутаг дэвсгэрт хохирогч Б.Ө-г цээжин тус газарт нь хутгалж, шатаасны улмаас амь насыг нь хохироосон онц ноцтой хэрэг гарсан байна. Уг хэргийг Ч.Т нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ үйлдсэн болохыг хуулийн байгууллагаас илрүүлж, улмаар Өвөрхангай аймгийн прокурорын газраас “2007 онд иргэн Б.Ө-г цээжин тус газарт нь хутгалж, шатаасны улмаас амь насыг нь хохироосон...” гэх хэрэгт Ч.Т-г холбогдуулан яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд шилжүүлээд байсан юм.
Тэгвэл тус хэргийг Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх хянан хэлэлцээд шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүнийг алах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд 12 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, тухайн ялыг хаалттай дэглэм бүхий хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн байна.