З.Энхболд нарт холбогдох хэргийг шүүх хурал хойшиллоо

З.Энхболд нарт холбогдох хэргийг шүүх хурал хойшиллоо

УИХ-ын дарга асан, Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга асан З.Энхболд нарт холбогдох хэргийн анхан шатны шүүх хурал өнөөдөр /2025.12.03/ Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болохоор товлогдсон талаар бид өмнө нь мэдээлсэн билээ. 

Тэгвэл тус хэргийг шүүх хурал хойшилсон байна. Тодруулбал, шүүх хуралд оролцох нэр бүхий гэрчүүд ирээгүй гэх шалтгаанаар шүүх хурлыг хойшлуулжээ. 

Эргэн сануулахад дээрх нэр бүхий хүмүүсийг улс төрд нөлөө бүхий этгээд албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдад давуу байдал бий болгосон гэмт хэргийг үйлдэхэд хамтран оролцсон гэх гэм буруутайд тооцож 2024 оны гуравдугаар сард З.Энхболд, Б.Энх-Амгалан нарын нийтийн албанд томилогдох эрхийг таван жилийн хугацаагаар хасаж, 40 сая төгрөгөөр торгох ялаар шийтгэж байсан ч давж заалдах шатны тус шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, дахин анхан шатны шүүхээр хэлэлцүүлэхээр шийдвэрлэсэн байдаг. Улмаар анхан шатны шүүх тус хэргийг хэлэлцээд З.Энхболдыг цагаатгаж, Б.Энх-Амгаланд хоёр жилийн хорих ял оноож байсан юм.