Албан тушаалын байдлаа урвуулан ашигласан Баян-Өлгийн гаалийн байцаагч Х.Жанаргүл нарт шүүхээс торгох ял оноосон байна.
Тодруулбал, Х.Жанаргүл нь 2022 оны 10 сард Баян-Өлгий аймаг дахь Гаалийн газрын Хүнсний чанар стандартын хяналт хариуцсан гаалийн улсын байцаагчаар ажиллаж байхдаа тус газрын Хяналт, бүрдүүлэлт хариуцсан гаалийн улсын ахлах байцаагч Т.Билгүүнтэй үйлдлээрээ санаатай нэгдэн Ж ХХК-н эзэмшлийн Оросын холбооны улсын хилээс Монгол Улсын хилээр улаан төлөвтэй нэвтэрсэн тээврийн хэрэгслийг гаалийн хилээр нэвтрүүлж, барааны мэдүүлэг бөглүүлэх, биечлэн хяналт шалгалт хийлгүй Цагааннуур боомтоор гаалийн хяналтын бүсээс гарах үйл явцыг зохион байгуулж эрх мэдэл албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж Ж ХХК-д давуу байдал бий болгосон гэмт хэрэгт холбогджээ.
Харин Т.Билгүүн нь дээрх үйлдлийг Х.Жанаргүлтэй бүлэглэн Ж ХХК-д давуу байдал бий болгосон мөн Оросын холбооны улсаас улбар шар төлөвтэй нэвтэрсэн М ХХК-н тээврийн хэрэгслийн бичиг баримтад шалгалт хийж татвар төлүүлэлгүй Монгол Улсын хил Цагааннуур боомтын хяналтын бүсээс гарах зөвшөөрлийг олгож эрх мэдэл албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, М ХХК-д давуу байдал олгосон гэмт хэрэгт тус тус холбогдож, прокуророос яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлжээ. Анхан шатны шүүх: Шүүгдэгч Т.Билгүүн, Х.Жанаргүл нарыг албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нарт нийтийн албанд томилогдох эрхийг 2 жил 6 сарын хугацаагаар хасаж 8 сая төгрөгөөр торгох ял тус тус оногдуулж шийдвэрлэлээ.