Шүүгч Г.Түвшинтөгс: "Үр хүүхэд, нэр төрөө бодож байна" гээд гэр бүлийн хүчирхийллийг мэдээлэхгүй даамжруулснаас нэгнийхээ эрүүл мэнд, амь насыг эрсдүүлж байна

Шүүгч Г.Түвшинтөгс: "Үр хүүхэд, нэр төрөө бодож байна" гээд гэр бүлийн хүчирхийллийг мэдээлэхгүй даамжруулснаас нэгнийхээ эрүүл мэнд, амь насыг эрсдүүлж байна

Хаалганы цаана чимээгүй үйлдэгдэж байдаг гэр бүлийн хүчирхийлэл гэх гэмт хэргийн гаралт сүүлийн үед нэмэгдэж байна уу гэсэн иргэдийн болгоомжлол бий болоод байна. Учир нь гэр бүлийн хүчирхийлэлтэй холбоотой сэтгэл сэртхийлгэм гэмт хэргүүд сүүлийн үед үйлдэгдэж, энэ талаар хохирогч нар ч олон нийтийн сүлжээнд мэдээлэх боллоо. Иймд бид гэр бүлийн хүчирхийллийн гэмт хэргийн гаралт, хууль эрх зүйн орчин, цаашид хэрхвэл зохих талаар Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Түвшинтөгстэй ярилцлаа.

ВИДЕО:

-ХҮҮХДЭЭ БОДООД, БОЛЬЧИХ БАЙХ ГЭЖ БОДСОНООС ГЭР БҮЛИЙН ХҮЧИРХИЙЛЭЛ ДААМЖИРЧ, АМЬ НАСАА АЛДАХ ЭРСДЭЛ БИЙ БОЛДОГ-

-Гэр бүлийн хүчирхийлэл гэж чухам юуг хэлж байна вэ гэдгээс яриагаа эхэлье?

-Гэр бүлийн хүчирхийлэл гэдэг нь гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүмүүс нэг нь нөгөөдөө бие махбод юм уу, санхүүгийн давуу байдлаа ашиглаад эдийн засгийн, бие махбодын, сэтгэл зүйн, санхүүгийн, бэлгийн дарамт учруулж буйг гэр бүлийн хүчирхийлэл гэж нэрлэж байгаа. Гэр бүлийн хүчирхийллийн хохирогч нь эрэгтэй, эмэгтэй аль ч хүйсийн хүн байх боломжтой. Эсвэл хүүхэд, гэр бүлд хамаарал бүхий харилцаатай хүмүүсийн нэг ч байх боломжтой. Гэхдээ бие мах бодын юм уу, санхүүгийн давуу байдлаа ашиглаад гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж байгаа хүмүүсийн ихэнх нь эрэгтэй хүмүүс байна.

-Энэ гэмт хэрэг нь хаалттай хаалганы цаана үйлдэгдэж байдаг учраас даамжраад эцэстээ амь насанд нь хүртэл эрсдэл учруулах хэмжээнд хүрээд байна гэж харагдаж байгаа. Өөрөө практик дээр нь ажиллаж байгаа шүүгч хүний хувьд хүчирхийлэл даамжирч, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэгдэж байгаагийн гол шалтгаан, нөхцлийг хэрхэн харж байгаа бол?

-Гэр бүлийн хүчирхийлэл бол хаалттай хаалганы цаана, зөвхөн гэр бүлийн дунд болдог зүйл. Гэр бүлийн хүчирхийлэл даамжрах нөхцөл, шалтгаан нь гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүмүүс үр хүүхдээ бодох, гайгүй болчих байх, больчих байх гэж бодох эсвэл гэр бүлийн хүчирхийллийн талаар мэдээлэх юм бол өс хонзон санаад илүүтэйгээр хүчирхийлэл үйлдэх байх, хууль хяналтын байгууллагад энэ талаар хандах юм бол нэр хүнд нь уначих байх гэдэг байдлаас болоод хуулийн байгууллагад хандахгүй, гэмт хэрэг даамжрах нөхцөл байдал үүсэж байна уу гэж хардаг. Энэ нөхцөл байдал даамжирч, асуудал хүндэрч, эрүүл мэнд, бүр цаашилбал амь насанд нь хохирол учруулах нөхцөл байдал ажиглагддаг.

-ГЭР БҮЛИЙН ХҮЧИРХИЙЛЭЛД ЗӨРЧЛИЙН ТУХАЙ ХУУЛИЙН ДАГУУ 7-30 ХОНОГ БАРИВЧЛАХ ЭСВЭЛ ЭРҮҮГИЙН ТУХАЙ ХУУЛИАР ХҮНДРҮҮЛЖ ШИЙТГЭДЭГ-

-Шүүхээр шийдвэрлэгдэж байгаа гэр бүлийн хүчирхийллийн гэмт гэмт хэргийн эрүүгийн болон зөрчлийн хуулиар шийдэгдэж байгаа хэргийн харьцааны хувьд ямар байдаг бол?

-Шүүхээр шийдэгдэж байгаа хүчирхийллийн гэмт хэргийн ихэнх хувийг зөрчлийн хэрэг эзэлж байгаа. Зөрчлийн хэргийн хувьд Зөрчлийн тухай хуулийн 5, 4 дүгээр зүйлд зааснаар гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг зодсон, тодорхой хүнтэй харилцахыг хориглосон эсвэл эд хөрөнгө, цалин хөлсөө захиран зарцуулахад нь саад болсон тохиолдолд зөрчлийн тухай хуульд зааснаар шийтгэл оногдуулж байгаа. Зөрчлийн шинжээс хамаараад буюу даамжирсан, байнгын шинжтэй үйлдсэн бол эрүүгийн хуульд зааснаар хариуцлага хүлээлгэдэг. Үүнээс гадна эрүүгийн хуульд заасан хүний эрүүл мэндэд хохирол учруулсан этгээд, хүнийг алсан гэмт хэрэг үйлдсэн байвал хүндрүүлж шийдвэрлэдэг. Зөрчлийн тухай хуульд зааснаар бол 7-30 хоног баривчлаад, албадан сургалтад суулгана.

Гэхдээ зөрчлийн тухай хуульд заасан шийтгэлийн ихэнх нь торгох, баривчлах хариуцлагын санкецтай. Энэ төрлийн гэмт хэрэгт зөвхөн баривчлах шийтгэл оногдуулж байгаа нь хариуцлагын хувьд арай хатуу, чанга болгож, хэрэг дахин үйлдэгдэхгүй байх нөхцлийг бүрдүүлж байгаа явдал юм.

-Гэр бүлийн хүчирхийлэл сүүлийн үед нэлээд ихсээд байгаа нь ажиглагдаж байгаа л даа. Эсвэл сошиал орчинд мэдээлэх нь нэмэгдэж байгаа учраас нэмэгдэж байна уу гэж иргэд хардаг. Шүүгч таны нүдээр харахад сүүлийн үед гэр бүлийн хүчирхийлэл нэмэгдэж байна уу, багасч байна уу. Шалтгаан нь юу байгаа бол?

-Гэр бүлийн хүчирхийллийн хэрэг шийдсэн сүүлийн нэг жилийн мэдээг харахад нэмэгдсэн байгаа. Гэхдээ энэ зөрчил өсөж байна гэхээс илүүтэй хүмүүс гэр бүлийн хүчирхийлэл гэж юуг хэлж байгааг, мэдэгдэх ёстой юм байна гэдэг зүйлийг мэддэг, хууль зүйн мэдлэгтэй болж байгаа учраас тоо хэмжээ нэмэгдсэн байх.

-ГЭР БҮЛИЙН ХҮЧИРХИЙЛЛИЙГ ШИЙДВЭРЛЭДЭГ ХУУЛИЙГ ЧАНГАТГАЛАА ГЭЭД ГЭР БҮЛИЙН ХҮЧИРХИЙЛЭЛ БАГАСНА ГЭЖ БАЙХГҮЙ-

-Гэр бүлийн хүчирхийллийг мэдээлээгүйгээс болоод ямар хор уршигт хүрч байна вэ?

-Гэр бүлийн хүчирхийллийг тэвчсэнээр, гайгүй болчих байх гэж бодсоноор, мэдээлэхгүй байснаар гэр бүлийн хүчирхийлэл даамжрах нөхцөл байдал үүсэж, үүсэх хор уршиг нь нэмэгддэг. Жишээлбэл 20 орчим жил хамт амьдарсан гэр бүлд хүчирхийлэл байсан. Гэхдээ хэн ч мэдээгүй. Шалтгаан нь далд, хаалганы цаана үйлдэгдэж байгаа учраас. Улмаар амь насаа алдах нөхцөл байдалд хүргэж байгаа жишээ бий. Иймд гэр бүлийн хүчирхийлэл үйлдэгдэж байгаа, үйлдэж байж болзошгүй нөхцөлд иргэд, боловсролын байгууллагын багш нар, сум хороодын засаг дарга нар, нийгмийн ажилтнууд энэ асуудалд анхаарч ажиллах нь зүйтэй л дээ.

-Ер нь гэр бүлийн хүчирхийлэл давтан үйлдэгдэхгүй байхын тулд ямар зохицуулалтыг хийх ёстой бол?

-Гэр бүлийн хүчирхийллийн талаарх асуудлыг шийддэг ч суллагдаж ирээд үргэлжлүүлээд хүчирхийллээ үйлддэг нөхцөл байдал бий. Иймд гэр бүлийн хүчирхийлэлтэй холбоотой асуудлыг цагдаа, хууль хяналтын байгуулалгаас гадна хамтарсан баг буюу сум, баг, хорооны хамтарсан баг ажилладаг. Түүнээс гадна эрүүл мэндэд нь хохирол учирсан юм уу, хохирол учруулж болзошгүй байгаа бол түр хамгаалах байранд байлгаснаар гэмт хэрэг цаашид даамжран үйлдэгдэхгүй байх боломжтой гэж харж байна даа.

-Гэр бүлийн хүчирхийллийг зохицуулах хуулийг чангатгах ёстой гэсэн зүйлийг иргэд хэлдэг. Хуулийг хэрэглэж байгаа шүүгч хүний хувьд хуулийн зохицуулалт хэр байгаа бол?

-Ер нь гэмт хэрэг, эрүүгийн хариуцлага чанга, сул байлаа гээд гэмт хэрэг үйлдэгдэх нь багасах, гарахгүй байна гэж боддоггүй л дээ. Гэр бүлийн харилцаа бол хүн хоорондын харилцаатай холбоотой асуудал учраас хууль чангарснаар гэр бүлийн хүчирхийлэл үйлдэгдэхээ болино гэж хувь хүнийхээ хувьд боддоггүй.