Эрүүл мэндийн яамны Эрүүл мэндийн салбарын хөгжил, хөтөлбөр нэгдсэн төсөл хэрэгжүүлэх нэгжийн зохицуулагчаар ажиллаж байсан А.Мөнхтайван нь тус албыг хашиж байхдаа албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд 2017-2021 он хүртэл Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр хэрэгжүүлсэн Сонгинохайрхан дүүргийн жишиг нэгдсэн эмнэлэг төслийн барилгын туслан гүйцэтгэгчээр ажилласан “М” ХХК -ийн ерөнхий захирал ажилтай Д.Энхтуяагаас 2018 оны 12-р сард 264 сая төгрөг, 2022 оны 5 дугаар сард 175 сая төгрөгийн хахууль авсан, өгсөн гэмт хэрэгт холбогдсон байдаг.
Мөн Б.Цэнд-Аюуш нь Азийн хөгжлийн банкны хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр хэрэгжиж буй Эрүүл мэндийн салбарын хөгжил хөтөлбөр 4,5 төслийн хүрээнд худалдан авалт хариуцсан ажилтнаар ажиллаж байхдаа тус төслийн туслан гүйцэтгэгч “М” ХХК -ийн ерөнхий захирал ажилтай Д.Энхтуяагийн барилгын явцад гарч буй бичиг баримтыг буцаалгахгүй, санхүүжилтийг шуурхай авах ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд, хэрэгжүүлэхийн тулд 2020 оны 10-р сард 4,7 сая төгрөгийн үнэ бүхий эрүүл мэндийн матраас авсан, үргэлжилсэн үйлдлээр Өвөрхангай аймагт үйл ажиллагаа явуулдаг “Х” ХХК -ийн амралт, рашаан сувиллын цогцолборт 7 хоногийн хугацаатай амрах 2 хүний төлбөрийн урьдчилгаа болох 4 сая төгрөгийн төлбөрийг 2021 оны 9 дүгээр сард төлүүлж хахууль авсан, өгсөн гэмт хэрэгт тус тус холбогдож прокуророос яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлжээ.
Анхан шатны шүүх: шүүгдэгч Б.Цэнд-Аюушийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг, шүүгдэгч Д.Энхтуяад мөн хуулийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.9 дэх заалтад “нэмэлт нотлох баримтыг цуглуулах бүхий л ажиллагааг хийсэн боловч шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн болох нь нотлогдоогүй” гэх үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож тэдгээрийг цагаатгаж, шүүгдэгч А.Мөнхтайванг үргэлжилсэн үйлдлээр нийтийн албан тушаалтан албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд хахууль авсан гэмт хэргийг хясан богдуулах аргаар үйлдсэн буруутайд тооцож нийтийн албанд томилогдох эрхийг 5 жилийн хугацаагаар хасаж, 35,5 сая төгрөгөөр торгох ял оногдуулжээ.
Давж заалдах шатны шүүх: шүүгдэгч А.Мөнхтайваны хувийн байдлыг харгалзан, үйлдэл холбогдол, гэмт хэргийн нийгмийн шинж чанарыг харгалзан торгох шийтгэл оногдуулсныг буруутгах үндэслэлгүй гэх агуулгатай дүгнэлтийг хийж шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж шийдвэрлэлээ.