Нийслэлийн түргэн тусламжийн төвийн их эмч Г.Х, Э.Н нарыг хүний амь нас хохирсон хэрэгт буруутган анхан шатны шүүхээс эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн.
Гэвч тэд Улсын Дээд шүүхэд гомдол гаргаж, тус шүүхийн Эрүүгийн хэргийн танхимд өнгөрсөн аравдугаар сард гомдлыг хэлэлцжээ. Тодруулбал, их эмч Г.Х, Э.Н нар нь яаралтай дуудлагын дагуу очиж эмчийн үзлэг хийхдээ, өвчтөний биеийн болон эмнэл зүйн байдлыг бүрэн гүйцэд үнэлэлгүй, холбогдох харьяа дүүргийн Нэгдсэн эмнэлгийн яаралтай тусламжийн тасагт тээвэрлэн хүргээгүйн улмаас иргэн Б.О нас барсан гэмт хэрэгт холбогджээ.
Түргэн тусламжийн төвийн их эмч Э.Н, Г.Х нарыг эмчийн тангаргаа сахиж, эмнэлгийн яаралтай тусламж, үйлчилгээг зохих ёсоор буюу өвчтөнөөс авсан асуумжид тулгуурлан өвчтөний биеийн байдлыг үнэлж, өвчний хам шинжийг тодорхойлж зөвлөгөө, заавар өгч, бөөлжилтийн эсрэг тариа хийх зэргээр үзлэгийг зохих ёсоор бүрэн хийж гүйцэтгэсэн гэж Улсын Дээд шүүх үзсэн байна. Улмаар анхан болон давж заалдах шатны шүүх хэргийн үйл баримтыг сэргээн тогтоосон дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцээгүй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэжээ. Иймд их эмч нарт холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан хэргийг гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч нарыг цагаатгахаар шийдвэрлэсэн байна.