Санхүүгийн чадамжгүй байж “хөрөнгө оруулна” хэмээн монголчуудыг хуурч хамтарсан компани байгуулаад “хотонд ороод хонь минийх” гэгчээр нас өндөр гурван хөгшний уурхайг Ли Жин Хуа гэх хятад эмэгтэй өөрийн болгохоор занга тавин, арга саам хайж байж болзошгүй баримтыг бид энэ удаа “Баримтын мөр” нэвтрүүлэгтээ хөндөж байна.
ВИДЕО:
“Олгой булаг” компани Сүхбаатар аймгийн “Төхөм” нэртэй уурхайн ашиглалтын тусгай зөвшөөрлийг 2013 онд авч, улмаар өөрийн хөрөнгөөр 2014 оноос эхлэн нүүрс олборлох ажлыг эхлүүлж орон нутагтаа борлуулж эхэлжээ.
-“САНХҮҮГИЙН ЧАДАМЖГҮЙ” ХЯТАД ХҮНИЙ ЗАНГАНД ОРОВ-
Гэтэл МАХН-ын Нарийн бичгийн дарга асан Ч.Чимэдсүрэн 2017 оны тавдугаар сард "Олгой булаг" компанийнхантай холбогдож, нүүрс худалдан авах Хятадын компани байгаа талаар хэлж, удаа дараагийн уулзалтын дүнд тэд хамтран ажиллахаар болсон байгаа юм. Харин хятадын иргэн Ли Жин Хуа өмнө нь Монголд нүүрсний уурхайд хөрөнгө оруулсан ч үр дүн муутай байсан учраас "Олгой булаг" компанитай “дундын компани” байгуулж, санхүүжилтийг хоёр талын хяналт дор явуулах саналыг тавьж, улмаар “Олгой булаг” компани ч үүнийг нь зөвшөөрсөн байна. Ингээд Олгой булаг компанийн эзэмшлийн “Төхөм”-ийн уурхайд хөрөнгө оруулалт хийнэ гэж амласан хятадын иргэний хүсэлтээр “Нэг бүс нэг Зам төхөм уурхай” нэртэй дундын компанийг 2017 оны арванхоёрдугаар сараас 2 жилийн хугацаатай байгуулж, 51 хувийг Хятадууд, 44 хувийг “Олгой булаг” компани, 5 хувийг холбогч нэрийдлээр Ч.Чимэдсүрэн эзэмшиж, хамтарсан компанийн ерөнхий менежерээр хятадын иргэн Ли Жин Хуа, ТУЗ-ийн даргаар түүний охин Сүн Лина нар томилогдсон байна.
-ӨРИЙН ЗАНГАНД ОРУУЛАВ-
Анх “Төхөм”-ийн уурхайд чинь шаардлагатай хөрөнгө оруулалтыг хийж, “ашгаа хуваах зарчмаар ажиллана" хэмээж, “Нэг бүс нэг зам төхөм уурхай” нэртэй дундын компани байгуулж, өөрөө ерөнхий менежер нь болсон хятадын иргэн Ли Жин Хуагийн ажил хяналтаас гарч, тэдний дунд байгуулсан хөрөнгө оруулалтын гэрээ бараг хэрэгжихгүй болж “Төхөм”-ийн уурхайн лиценз эзэмшигч "Олгой булаг" компанийг үргэлжийн өрийн дарамтад оруулах занга болж хувирсан байгаа юм.
Сонирхуулахад, “Төхөм”-ийн уурхайд иж бүрэн хөрөнгө оруулалт хийнэ хэмээн дундын компани байгуулсан хятадууд 16 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтынхаа дийлэнхийг нь хөрс хуулалтад зарцуулж, үүнийхээ 7 тэрбум төгрөгийг “Төхөм”-ийн уурхайгаас 137 мянган нүүрс олборлож, зараад нөхчихсөн байгаа юм. Харин “Олгой булаг” компани ашиг хүртээгүй шахуу байж дундын “Нэг бүс нэг зам төхөм уурхай” нэртэй дундын компанийн 44 хувьд дүйцэх 3.9 тэрбум гаруй төгрөгийн өрөнд орсон байна.
Тэгэхээр хятад иргэд санхүүгийн чадамжгүй байж “иж бүрэн хөрөнгө оруулъя”, үүнийгээ “хамтарсан компаниар л хийнэ” гээд байсны цаана “Төхөм”-ийн уурхайг эзэмшигч "Олгой булаг" компанийг өрийн зангад оруулаад, уурхайг нь өөртөө авах далд санаатай байсан байж болзошгүй байгаа юм.
-ХУУЛИЙН ЗАНГА-
Хятадын иргэн Ли Жин Хуагийн охин Сүн Лина болон эр нөхөр Сун Юухугийн нэр дээр "Рашаант-Овоо", "Эрдэнийн олз", "Мэнг Дүнг" гэсэн нэртэй бөөний худалдаа, ашигт малтмал гэсэн үйл ажиллагааны чиглэлүүдтэй хэд, хэдэн компани Монголд бүртгэлтэй байна. Мөн "Олгой булаг" компанийнхантай хятадуудыг анх уулзуулсан Ч.Чимэдсүрэн, мөн Ли Жин Хуагийн эр нөхөр Сун Юуху нар ч "Хөөт транс" гэх нэртэй “авто машинаар ачаа тээвэрлэх” үйл ажиллагаатай компанийн хувийг эзэмшиж байжээ.
Иймд Хятад эмэгтэй Ли Жин Хуа эдгээр компаниудад оруулсан мөнгөө “Нэг бүс нэг зам төхөм уурхай” дундын компанийн дансаар гүйлгэж, эцэстээ үүнийгээ “Төхөм”-ийн уурхайд оруулсан хөрөнгө мэтээр магадгүй тайлагнаж, 60 тэрбум төгрөгөө алдсан мэтээр худал мэдээлэл тарааж, “Олгой булаг” компанийн гүйцэтгэх захирал, 70 гарсан Д.Эрдэнэ гуайг цагдаад өгч, хуулийн занганд оруулсан байгаа юм.