Прокуророос шүүгдэгч М-д холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “Завших” гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.
Шүүгдэгч М нь 2025 оны 02 дугаар сарын 25-ны өдөр ... нутаг дэвсгэрт ...маркийн тээврийн хэрэгслээр такси үйлчилгээнд явж байхдаа үйлчлүүлж байсан иргэн болох хохирогч Х-с гар утсаа өгч машинд нь цэнэглүүлсэн бөгөөд замдаа .. төв рүү орохдоо гар утсаа үлдээгээд буусан бөгөөд “хүлээгээд ирээгүй” гэх шалтгаанаар хохирогчийн цэнэглүүлэхээр өгсөн гар утсыг буцааж өгөлгүйгээр авч явж, хохирогч Х .... гар утсыг завшиж 4,100,000 төгрөгийн хохирол учруулж, улмаар зарж хувьдаа ашигласан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасанд үндэслэн шүүгдэгч М-д холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Завших” гэмт хэрэг үйлдсэн гэж үзэн яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “..Гээгдэл эд хөрөнгө ...завших” гэмт хэрэг үйлдсэн гэж үзэн хөнгөрүүлэн зүйлчилсэн. Учир нь: Шүүх хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанд шинжлэн судалсан баримтуудаар шүүгдэгч М-н үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг буюу “бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан” гэмт хэргийн шинжийг хангахгүй байна. Харин шүүгдэгчийн дээрх идэвхтэй үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг буюу “гээгдэл эд хөрөнгийг бусдын эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан” гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байна гэж шүүх дүгнэлээ. Итгэмжлэгдэн хариуцсан этгээд гэдэг нь аж ахуйн нэгж, байгууллага, иргэдээс өөрийн өмчийг хариуцуулахаар үүрэг хүлээлгэсэн, эсхүл хууль буюу гэрээнд зааснаар бусдын өмчийг итгэмжлэн хариуцах үүрэг хүлээсэн этгээдийг ойлгоно.
Харин “Завших” гэдэг нь гэмт этгээд түүнд итгэмжлэн өгсөн бусдын эд зүйлс, өмч хөрөнгийг хууль бусаар эргэлтэд оруулахдаа өмчлөгчид эд зүйлс, өмч хөрөнгөтэй тэнцэх хэмжээний нөхөн төлбөр төлөхгүй байгааг ойлгоно. “Хөрөнгө завших” гэдэг нь “бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг итгэмжлэлийн үндсэн дээр эзэмшиж, ашиглаж буй байдлаа урвуулан ашиглаж, бусдын эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг өөрийн өмчлөлд хариу төлбөргүйгээр хууль бусаар авах, захиран зарцуулах үйлдлийг хэлнэ. Хөрөнгө завших гэмт хэргийг үйлдсэн хүн нь бусдын эд хөрөнгийг итгэмжлэн хариуцсан хүн байдаг ба ...гээгдэл эд хөрөнгө ...завших гэмт хэргийн тухайд бусдын эд хөрөнгийг итгэмжлэн хариуцсан хүн байхыг шаардахгүй. Дээрх хэргийн хувьд хохирогч Х нь таксигаар үйлчлүүлж байхдаа өөрийн гар утсаа шүүгдэгчээр буюу тухайн таксины жолооч М-д цэнэглүүлэхээр өгсөн, улмаар шүүгдэгч нь хохирогчийн гар утсыг тээврийн хэрэгслийнхээ голын хайрцагт хийж цэнэглэсэн нөхцөл байдал тогтоогдсон.
Хохирогч Х нь биеэ засах шаардлагатай гэх шалтгаанаар өөрийн гар утсаа авалгүй буусан, мөн түүнтэй цуг явж байсан гэрч Г нь хохирогчийн цэнэглүүлэхээр өгсөн гар утсыг авалгүй буусан байна. Хохирогч нь өөрөө гар утсаа авалгүй мартаж буусан ба улмаар шүүгдэгч тухайн гар утсыг бусдын эзэмшил, өмчлөлд байгааг мэдсээр байж завшсан ба түүнийг хохирогчийн гар утсыг итгэмжлэн хариуцсан этгээд гэж үзэх хууль үндэслэл тогтоогдохгүй байна. Иймд прокуророос ирсэн зүйлчлэлийг хөнгөрүүлэн зүйлчилж, шүүгдэгч М-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар торгох ял оногдуулж шийдвэрлэсэн.