Евроазийн эдийн засгийн холбоотой худалдааны түр хэлэлцээр соёрхон батлах хуулийг төслийг өргөн барив

Евроазийн эдийн засгийн холбоотой худалдааны түр хэлэлцээр соёрхон батлах хуулийг төслийг өргөн барив

Монгол Улсын Тэргүүн шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Ж.Энхбаяр УИХ-ын дарга Н.Учралд Монгол Улс болон Евроазийн эдийн засгийн холбоо (ЕАЭЗХ), түүний гишүүн орнууд хоорондын худалдааны түр хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төсөл болон уг хуулийн төсөлтэй холбогдуулан боловсруулсан бусад хуулийн төслийг өргөн мэдүүллээ.

2024 оны байдлаар Монгол Улсын худалдааны салбар дотоодын нийт бүтээгдэхүүн (ДНБ)-ний 17.8 хувь, идэвхтэй үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжийн 38.2 хувийг бүрдүүлж, 195,081 хүн буюу нийт ажиллагсдын 14.4 хувийг ажлын байраар хангаж байна. Монгол Улс болон ЕАЭЗХ, түүний гишүүн орнууд хооронд худалдааны түр хэлэлцээр байгуулах албан ёсны хэлэлцээг 2023 оны есдүгээр сараас эхлүүлж, олон нийтээр удаа дараа хэлэлцүүлэг, гарсан саналуудыг тусган эцэслэснээр 2025 оны зургадугаар сарын 27-ны өдөр гарын үсэг зурсан юм.

Хэлэлцээрийг гурван жилийн хугацаатай, талууд өөрөөр тохиролцоогүй бол хугацааг сунгасанд тооцохоор байгуулсан бөгөөд нийт 31 зүйл, дөрвөн хавсралтаас бүрдэж буй юм. Үүнд хөрөнгө оруулалт, үйлчилгээний худалдаа, банк санхүү, төлбөр тооцоо зэрэг асуудлыг тусгаагүй, зөвхөн 367 барааны хүрээнд тохиролцсон байна.

Хоёр талаас ижил тооны буюу "Бараа тодорхойлох кодчлолын уялдуулсан систем" (БТКУС)-ийн зургаан оронтой кодоор 367 бараанд "тарифыг шууд тэглэх", "тариф бууруулах", "тохирсон квотын хэмжээнд тарифыг тэглэх", "тохирсон квотын хэмжээнд тарифын хөнгөлөлт эдлэх" гэсэн дөрвөн төрлөөр тарифыг бууруулах, хөнгөлөлт үзүүлэхээр тогтжээ. Энэ нь зөвхөн гаалийн тарифт хамаарах бөгөөд нэмэгдсэн өртгийн албан татвар болон онцгой албан татварт хамаарахгүй юм. Хэлэлцээрийн хүрээнд Монгол Улсаас экспортлох 367 барааны 97.5 хувь нь хөдөө аж ахуй, мал аж ахуйн гаралтай бараа байх бол ЕАЭЗХ-ноос манай улсад импортлох 367 барааны 81.7 хувь нь манай улсад үйлдвэрлэх боломж хязгаарлагдмал эрдэс, химийн салбарын, 7.5 хувь нь аж үйлдвэрийн салбарын бараа байна. Мөн улаанбуудай, өндөг зэрэг хүнсний гол нэрийн барааны импортын нөлөөллийг бага байлгах, дотоодын зах зээлийг хамгаалахад онцгойлон анхаарч жилд импортлох хэмжээнд квот тогтоох, квотоос хэтэрсэн тохиолдолд гаалийн тарифыг хэвээр ногдуулах зэрэг дотоодын үйлдвэрлэлийг хамгаалах зохицуулалтыг тусгасан байна. 

Хэлэлцээр хэрэгжсэнээр худалдааг хөнгөвчилж, үйлдвэрлэл болон бизнесийн зардал, мөн итгэмжлэгдсэн аж ахуй нэгжийн хөтөлбөрийг талууд хамтран хэрэгжүүлснээр бичиг баримт, шалгалтын ачаалал буурна гэдгийг Тэргүүн шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайдЖ.Энхбаяр онцолсон юм. Түүнчлэн олон улсад чөлөөт худалдааны хэлэлцээр хийхэд түгээмэл ашигладаг "Ерөнхий тэнцвэрийн загвар" (GTAP)-ын аргаар тооцоход хэлэлцээр хэрэгжсэнээр манай улсын дотоодын нийт бүтээгдэхүүн 0.02 хувь, хөрөнгө оруулалт 2.57 хувь, ЕАЭЗХ руу хийх экспорт 24.1 хувь өсөх тооцоо гарч байгааг дурдав. Тухайлбал, мах, махан бүтээгдэхүүн, ноос ноолуур, нэхмэл, сүлжмэл болон арьс шир зэрэг боловсруулах үйлдвэрийн гол бүтээгдэхүүний экспорт 152 хувь хүртэл нэмэгдэж, гаалийн татваргүйгээр 180 сая хүн ам бүхий, таван улсын зах зээлд нэвтрэх нөхцөл бүрдэх юм. Манай улсад үйлдвэрлэдэггүй, бүтээн байгуулалт болон үйлдвэрлэлд зайлшгүй шаардагдах бараа, тоног төхөөрөмжийн татварыг тэглэснээр импортын өртөг буурч, инфляцыг тооцоход ашигладаг 42 нэрийн импортын бүтээгдэхүүний тарифыг тэглэснээр өрхийн жилийн дундаж хэрэглээний зардлыг бууруулах тооцоо гарч байгаа юм. "Цагаан алт", "Хүнсний хувьсгал", "Шинэ хоршоо хөдөлгөөн" зэрэг хөдөө аж ахуйн салбарыг дэмжих хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж буй энэ үед тус хэлэлцээр нь дотоодын боловсруулах үйлдвэрлэл болон нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлж, малчин өрх болон үйлдвэрлэгч, экспортлогчдын орлогыг өсгөх, ажлын байрыг нэмэгдүүлэх ач холбогдолтойг Тэргүүн шадар сайд бөгөөд Эдийн засаг хөгжлийн сайд Ж.Энхбаяр танилцууллаа.