МАН-ын Хэвлэл мэдээлэл, цахим бодлогын асуудал хариуцсан нарийн бичгийн дарга Ц.Чулуунзагдыг цагдан хорьж, мөрдөн шалгаж байгаа билээ.
Түүнийг эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, арилжааны гэрээг хууль бусаар байгуулсан, хахууль авсан гэмт хэрэгт холбогдуулан шалгаж байгаа гэдгийг АТГ-аас мэдээлсэн. Товчхондоо, Ц.Чулуунзагдыг "Админерал" компанитай холбоотойгоор шалгаж байгаа гэх мэдээлэл бий.
Тэгвэл МАН-ын Хэвлэл мэдээлэл, цахим бодлогын асуудал хариуцсан нарийн бичгийн дарга Ц.Чулуунзагдын төрсөн ах, “Админерал” ХХК-ийн 45 хувийг эзэмшдэг "Моновант" ХХК-ийн "эзэн" Ц.Ламжавыг өчигдөр /2025.11.28/ цагдан хорьсон байна.
Тодруулбал, Нийслэлийн прокурорын газраас яллагдагч Ц.Ламжавд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай саналыг Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны шүүхэд хүргүүлсэн байна. Улмаар тус шүүхээс Ц.Ламжавыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанаас оргон зайлсан, "Урьд авсан таслан сэргийлэх арга хэмжээг зөрчсөн” гэх үндэслэлээр цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авчээ.
Эх сурвалжийн мэдээлж буйгаар “Админерал” ХХК-ийн дэд захирал Ц.Ламжавыг "Эрдэнэс тавантолгой ХК-д их хэмжээний хохирол учруулсан гэх хэргээр яллагдагчаар татан, мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа аж.
-Б.ЭНХБАЯР: "АДМИНЕРАЛ" КОМПАНИАС Ц.ЧУЛУУНЗАГДЫН ЭХНЭР, ТӨРСӨН АХ НАР 100 ТЭРБУМЫН ХАХУУЛЬ АВСАН БАРИМТ БАЙДАГ-
Эргэн сануулахад, Хууль зүйн сайд асан Б.Энхбаяр NTV телевизийн "Лхагвын тойм" нэвтрүүлэгт орох үеэрээ "Админерал ХХК-ийн гүйцэтгэх захирал нь БНХАУ-ын иргэн Н.Хасбаатар гэдэг хүн байсан. Д.Амарбаясгалан, Ц.Чулуунзагд нар Н.Хасбаатартай холбоогүй гэж ярьдаг. Энэ ямар учиртай хүн юм бэ гэхээр. 30 сая долларын авлигын баримтыг би "Нүүрсний сонсгол"-оор ил гаргаж ярьсан.
Ц.Чулуунзагдын төрсөн ах Ц.Ламжав, Ц.Чулуунзагдын эхнэр, "Админерал" ХХК-ийн санхүүгийн дарга нар 30 сая долларыг бэлнээр хүлээж авсан. Энэ бол хятадуудаас бэлнээр авсан хээл хахуулийн мөнгө.
Хятад хүн айхтар. 30 сая доллар буюу 100 тэрбумын төгрөгийн авлигын мөнгө өгснөө баримтжуулж, гарын үсэг зуруулж авсан байдаг. Тэр баримт дээр Чулуунзагдын төрсөн ах Ц.Лхамжав болон түүний эхнэр нарын гарын үсэг бий. Н.Хасбаатар энэ авлигын хэргийн гол амьд гэрч байсан. Тэр хүн амьд байхдаа Нүүрсний сонсголд ороход бэлэн гэж байсан. Орсон бол хэлэх байсан. Гэтэл үхсэнийх нь дараа би холбоогүй гэж гарч ирж ярьсан. Тэр ч байтугай Н.Хасбаатарыг нас барснаас 6 хоногийн дараа УИХ-ын гишүүн С.Ганбаатар "Админерал" ХХК-ийн уурхай дээр очоод "Энэ компанитай УИХ-ын дарга Д.Амарбаясгалан ямар ч холбоогүй би шалгаад нотоллоо" гээд яриад түүнийгээ битүү сурталчилсан. Хэргийн амьд гэрчийг бүтэн жил байхад яагаад хуулийнхан ажлаа хийгээгүй юм бэ. Би бол энэ хүнийг алсан гэж боддог. Би одоо бас айж байна. Өөрийнхөө амь насанд санаа зовж байна" хэмээн ярьсан байдаг.