УИХ-ын гишүүн Э.Болормаад холбогдох хэргийг Цагдаагийн ерөнхий газрын Мөрдөн шалгах албанаас шалгаж байгаа билээ.
Түүнийг "Сонгуулийн хууль зөрчсөн" гэх хэрэгт холбогдуулан шалгаж байгаа бөгөөд тэрбээр яллагдагчаар татах тогтоолтойгоор танилцаж, гардан авахгүй байгаа учир шүүхээс түүнийг албадан ирүүлэх шийдвэрийг гаргаад байгаа юм. Тодруулбал, Нийслэлийн прокуророос УИХ-ын гишүүн Э.Болормааг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 31.3 дахь хэсэг буюу Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоол танилцуулах, гардуулан өгөх гэсэн заалтыг зөрчиж байна хэмээн албадан ирүүлэх хүсэлтийг шүүхэд хүргүүлсэн байдаг. Улмаар Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх уг хүсэлтийг хэлэлцээд УИХ-ын гишүүн Э.Болормааг энэ сарын 28-ны /2025.11.28/ өдөр албадан ирүүлэх шийдвэрлэсэн юм.
Үүнтэй холбоотойгоор УИХ-ын гишүүн Э.Болормаа нь өөрийг нь хуулийн байгууллагаас шалгаж байгаа хэргийг улс төртэй холбон тайлбарлаж, "Дуудсан газар нь "гутлаа тослоод" очно" гэдгээ цахим сүлжээгээрээ дамжуулан илэрхийлээд байгаа.
-Э.БОЛОРМААГ ЗОРЧИХ ЭРХИЙГ ХЯЗГААРЛАХ ЯЛ СОНСОХ УУ-
Тэгвэл маргааш буюу арваннэгдүгээр сарын 28-ны өдөр Нийслэлийн прокурорын газарт албадан ирүүлэх шийдвэрийн дагуу очиж, яллагдагчаар татах тогтоолтойгоор танилцах УИХ-ын гишүүн Э.Болормааг нэг жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялтай зүйл ангиар яллагдагчаар татах тогтоол баталсан байж магадгүй байна.
Тодотговол, түүнийг Эрүүгийн хуулийн 14.5 дугаар зүйл. Иргэн сонгуулийн эрхээ эдлэх, сонгуулийн хорооны ажилд саад хийх гэсэн зүйл ангиар яллагдагчаар татах тогтоол баталсан гэх мэдээлэл байгаа юм. Тус зүйл ангийн нэг дэх хэсэгт "Иргэний сонгох, сонгогдох, ард нийтийн санал асуулгад оролцох эрхээ хэрэгжүүлэхэд; сонгуулийн хорооноос хуулийн дагуу явуулж байгаа үйл ажиллагаанд зориуд саад учруулсан бол дөрвөн зуун тавин нэгжээс таван мянга дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас нэг жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ" гэж заажээ.
-ГИШҮҮН ГЭМТ ХЭРЭГ ҮЙЛДСЭН НЬ ШҮҮХЭЭС ЭЦЭСЛЭГДВЭЛ БҮРЭН ЭРХ НЬ ДУУСГАВАР БОЛОХ ХУУЛИЙН ЗОХИЦУУЛАЛТТАЙ-
Харин түүний гэм буруутай нь шүүхээр эцэслэгдвэл УИХ-ын гишүүний бүрэн эрх нь дуусгавар болох хуулийн зохицуулалттай юм. Тодруулбал, Үндсэн хуулийн 29.3-т Уул гишүүн гэмт хэрэг үйлдсэн гэж шүүх тогтоовол УИХ түүнийг гишүүнээс нь эгүүлэн татна, УИХ-ын тухай хуулийн 9.1.5-т "УИХ-ын гишүүн гэмт хэрэг үйлдсэн болох нь хуулийн хүчин төгөлдөр болсон шүүхийн шийдвэрээр тогтоогдсон бол бүрэн эрх энэ хуулийн 7.3-т заасан хугацаанаас өмнө дуусгавар болох үндэслэл болно гэж хуульд тус тус заажээ.