П.Наранбаярын биед халдсан УИХ-ын гишүүн Б.Найдалаад холбогдох хэргийг прокуророос дахин хаажээ

П.Наранбаярын биед халдсан УИХ-ын гишүүн Б.Найдалаад холбогдох хэргийг прокуророос дахин хаажээ

УИХ-ын гишүүн Б.Найдалаагийн Боловсролын сайд П.Наранбаярын биед халдсан хэргийг сэргээж, Мөрдөн байцаах алба шалгаж эхэлсэн талаар бид өмнө нь мэдээлж байсан билээ. 

Тэгвэл УИХ-ын гишүүн Б.Найдалаад холбогдох хэргийг прокуророос дахин хаажээ.

Тодруулбал, УИХ-ын гишүүн Б.Найдалаа, Боловсролын сайд П.Наранбаярын биед халдаж, гэмтэл учруулсан гэх хэрэг өнгөрсөн гуравдугаар сарын 27 /2025-03-27/-ны өдөр Төрийн ордонд гарсан. Улмаар тухайн хэргийг цагдаагийн байгууллагаас мөрдөн шалгаж, гэмт хэргийн шинжгүй гэх үндэслэлээр прокуророос хэргийг хаасан байдаг.

Гэсэн ч хуулийн байгууллагаас УИХ-ын гишүүн Б.Найдалаагийн Боловсролын сайд П.Наранбаяр сайдын биед халдсан хэргийг дахин сэргээж, ЦЕГ-ын Мөрдөн байцаах алба шалгаж байсан юм. Тэгвэл энэ удаад мөн хохирогч гэгдэж байсан Боловсролын сайд П.Наранбаяр, УИХ-ын гишүүн Б.Найдалаад гомдолгүй гэдгээ илэрхийлсэн зэргээс шалтгаалан хэргийг прокуророос хаасан байна. 

Эргэн сануулахад,  УИХ-ын гишүүн Б.Найдалаа нь Боловсролын сайд П.Наранбаярыг нэр бүхий их сургуулийн ректорыг чөлөөлж, томилох асуудлаас болж, цохисон гэдгийг тухайн үед хамт байсан эх сурвалж мэдээлдэг. Тодруулбал, УИХ-ын гишүүн Б.Найдалаа нь нэгэн их сургуулийн ректорын чөлөөлж, томилох саналыг Боловсролын сайд П.Наранбаярт тавьсан бөгөөд тэрбээр "Хуулийн шаардлага хангахгүй, нам, улс төрөөс шалтгаалж томилгоо хийхгүй" хэмээн түүний саналыг хүлээж аваагүй гэдэг. Үүнээс үүдэж, тэд маргалдаж, нэгнийхээ биед халдсан гэдгийг тодотгодог юм.

Түүнчлэн Боловсролын сайд П.Наранбаяр "Би Цагдаагийн байгууллагад дуудлага өгөөгүй. Харин эмнэлэгт очиж хоёр ширхэг жижигхэн юм (оёдол) тавиулсан.

Миний биед халдсан асуудлууд гарч байна. Гэхдээ тэрэнд бодсон зүйл алга. Санамсаргүй юм болсон. Гэхдээ харилцан зодоон болоогүй" хэмээж байсан бол УИХ-ын гишүүн Б.Найдалаа "П.Наранбаяр сайд бид хоёрын хооронд үүссэн асуудлаар ардын аман зохиол шиг ташаа мэдээлэл гадуур явсан байна. Зодоон цохион болсон асуудал огт байхгүй. Өнгөрсөн долоо хоногийн пүрэв гарагт манай намын зөвлөгөөн болсон. Жижиг сажиг маргаан энэ үеэр болсон. Гэхдээ зодоон зохион болсон зүйл болоогүй. Би цохиогүй. Хүний нүд рүү санамсаргүй хуруугаа хийдэг шүү дээ. Тийм л зүйл болсон. УИХ-ын гишүүний ёс зүй болон гэмт хэргийн шинжтэй зүйл огт болоогүй" гэх тайлбарыг өгсөн байдаг. 

Мөн УИХ-ын гишүүн Б.Мөнхсоёл өнгөрсөн зургаадугаар сарын 03-ны өдөр ХҮН намаасаа гарах тухайгаа мэдээлэх үеэрээ "УИХ-ын гишүүн Б.Найдалаа "Кноп хамтарч дарсангүй гэх шалтгаанаар ширээ балбан босч ирж байсан. Үүнийг нь ч Ёс зүйн хорооны дарга Б.Баярбаатар мэдэж байгаа. Би хэлж байсан. Ер нь их тэвчиж байсан" гэх мэдээллийг өгч байсан юм.