Тагнуулын байгууллагаас УИХ-ын гишүүн Х.Булгантуяагаас гадна Ц.Сандаг-Очир, П.Сайнзориг нарыг мөн шалгаж эхэлжээ

Тагнуулын байгууллагаас УИХ-ын гишүүн Х.Булгантуяагаас гадна Ц.Сандаг-Очир, П.Сайнзориг нарыг мөн шалгаж эхэлжээ

Иргэн О.Отгонтөгс УИХ-ын гишүүн Х.Булгантуяа нарыг шалгуулахаар УЕПГ-т гомдол гаргасан бөгөөд энэ дагуу УИХ-ын гишүүн Х.Булгантуяаг Тагнуулын байгууллагаас шалгаж эхэлсэн талаар бид өмнө нь мэдээлсэн билээ. 

Тэгвэл Үндсэн хууль зөрчиж, Ерөнхий сайдыг огцруулсан гэх хэрэгт Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Ц.Сандаг-Очир, УИХ-ын гишүүн П.Сайнзориг нарыг ч мөн Тагнуулын байгууллагаас шалгаж байгаа гэдгийг эх сурвалж мэдээллээ. 

Тэднийг төрийн эрх мэдлийг хууль бусаар авах буюу Эрүүгийн хуулийн 19.2 дугаар зүйлд заасан гэмт хэрэгт холбогдуулан мөрдөн шалгах ажиллагааг явуулж байгаа аж. 

Эргэн сануулахад иргэн О.Отгонтөгс нь хуулийн байгууллагад гомдол гаргахдаа, "УИХ-ын дэд дарга Х.Булгантуяа, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Ц.Сандаг-Очир, УИХ-ын гишүүн П.Сайнзориг нар УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан болон ТББХ-ны хурлаар Ерөнхий сайдыг огцруулах асуудлыг хэлэлцэхдээ Үндсэн хууль зөрчиж, төрийн эрх мэдлийг хууль бусаар авах гэмт хэрэг үйлдсэн.

Улмаар уг асуудлыг Үндсэн хуулийн Цэц 2025 оны аравдугаар сарын 22-ны өдөр Их суудлын хуралдаанаар хэлэлцээд, УИХ-ын дэд дарга Х.Булгантуяа нь Үндсэн хууль зөрчсөн гэдэг шийдвэр гаргасан" гэдгийг дурдсан байдаг. Мөн уг асуудал нь "Эрүүгийн хуулийн 19.2 дугаар зүйлд заасан "Төрийн эрх мэдлийг хууль бусаар авах, саатуулах" 12-15 жилийн ялтай Тагнуулын байгууллагын харьяаллын гэмт хэрэг" гэдгийг тодотгосон байсан юм. Улмаар өнгөрсөн аравдугаар сарын 24-ний өдөр Улсын Ерөнхий прокурорын газраас иргэн О.Отгонтөгсийн гаргасан гэмт хэргийн талаарх гомдлыг харьяаллын дагуу Тагнуулын Ерөнхий газарт шилжүүлсэн байдаг.