Сонгуулийн ерөнхий хороо, Нээлттэй нийгэм форум хамтран Швецарийн хөгжлийн агентлагийн дэмжлэгээр “Улс төрийн намын ил тод байдал” зөвлөгөөнийг өнөөдөр (2025.11.24) зохион байгуулж байна.
Сонгуулийн ерөнхий хорооны дарга П.Дэлгэрнаран “Улс төрийн намын ил тод байдал гэдэг ерөнхий нэр дотор маш олон агуулга, процесс багтдаг. Үйл ажиллагаа, санхүүжилтээ ил тод байлгаж, дотоод ардчиллаа бэхжүүлэн улсын хэмжээнд нэгдсэн бодлого дэвшүүлэн ажиллахад улс төрийн намын анхан, дунд шатны нэгж, орон нутаг дахь гишүүдийн оролцоо маш чухал. Тийм ч учраас энэ удаагийн зөвлөгөөний 130 гаруй төлөөлөгчийн талаас илүү нь орон нутгаас хүрэлцэн ирсэн, намын санхүүгийн мэргэжилтнүүд юм” гэж тодотголоо. Улмаар “Улс төрийн намын тухай хуулийг хэрэгжүүлэхэд шаардлагатай дүрэм, журмыг Сонгуулийн ерөнхий хороо батлан улс төрийн намуудад дэмжлэг үзүүлэн, хамтран ажиллаж байна. Намын үйл ажиллагаа болон санхүүжилтийн ил тод байдлыг хангах, олон нийтийн хяналтад оруулах үйл явцыг цахимжуулах зорилго тавьж, Нээлттэй засгийн түншлэлийн сорилтод Монгол Улс Ази тивээс анх удаа нэгдэн олон улсад амлалт өгсөн. Олон улсын өмнө хүлээсэн амлалтаа хэрэгжүүлэхэд та бүхний санал чухал үүрэгтэй” гэв
Хуулийг хэрэгжүүлэхэд түүний үзэл баримтлалыг зөв ойлгож, үйл ажиллагаандаа баримтлах зарчмыг тодорхойлох нь чухал бөгөөд Улс төрийн намын тухай хуулийг хэрэгжүүлэхэд улс төрийн намуудтай хамтран ажиллах, зөвлөх, дэмжих бодлогыг баримтлан ажиллаж байгааг Сонгуулийн ерөнхий хорооны Тамгын газрын дарга Д.Бат-Эрдэнэ мэдээллийнхээ эхэнд онцлоод хэрэгжүүлж буй үйл ажиллагаагаа танилцууллаа. Хуулийн хэрэгжилтийг хангах зорилгоор Сонгуулийн ерөнхий хороо Улс төрийн намын мэдээлэл, арга зүйн газар болон Улс төрийн намын санхүүжилт, хяналтын газар байгуулан ажиллаж байгаа. Улс төрийн намын ил тод, нээлттэй байдлыг хангаж санхүүжилтийг олон нийтийн хяналтад оруулахын тулд цахим систем хөгжүүлэхээр ажиллаж байгаа бөгөөд системийн ажлын даалгавар боловсруулахаас эхлээд систем хөгжүүлэхэд хэрэглэгч болох нам, төрийн байгууллага, иргэний нийгмийн байгууллагуудын саналыг тусгахыг зорьж байгаа. Тухайлбал, улс төрийн намын санхүүжилтийн цахим системийн ажлын даалгавар боловсруулахад намын санхүүгийн мэргэжилтнүүд болон удирдах албан тушаалтнуудын дунд цөөнгүй хэлэлцүүлэг зохион байгуулж саналыг тусгасан. Намын үйл ажиллагаа, санхүүгийн ил тод байдлыг хангах нь зөвхөн цахим хуудаст мэдээлэл оруулснаар бүрэн хэрэгжихгүй бөгөөд уг мэдээллийг иргэд нээлттэй танилцах боломжийг бүрдүүлэх, нээлттэй эх сурвалж болгон хөгжүүлэх нь ил тод байдлыг хангахад чухал ач холбогдолтойг онцлоод энэ удаад ч орон нутагт ажиллаж байгаа санхүүгийн мэргэжилтнүүдийн саналыг авах зөвлөгөөн зохион байгуулж байгааг тэрбээр тодотгосон юм. Намын санхүүжилтийн ил тод байдлыг зөвхөн тайлангаар бус дүрслэл, ангилал зэрэг хэрэглэгчид ямар төрлийн мэдээлэл авах хүсэлтэй байгаа түүнд тохирсон үзүүлэлтүүдийг бэлтгэх шаардлагын дагуу систем хөгжүүлэхээр иргэний нийгмийн байгууллагуудын саналыг тусгаж байгаа аж. Цаашид намын ил тод нээлттэй байдлыг хэмждэг тоон үзүүлэлтийг хөндлөнгийн байгууллагаар хийлгэх зорилготой байгааг тэрбээр танилцуулав.
МУБИС-ийн Нийгэм, хүмүүнлэгийн ухааны сургуулийн дэд профессор, улс төр судлалын доктор Э.Гэрэлт-Од “Улс төрийн намын эрх зүйн орчны өөрчлөлт, шинэчлэлт, тулгарч буй сорилтууд” илтгэлдээ намын эрх зүйн өөрчлөлтийн талаар харьцуулсан мэдээлэл өглөө. Үндсэн хуульд 2019 онд оруулсан нэмэлт, өөрчлөлтөөр улс төрийн намыг бодлогын, ил тод, ардчилсан байх тухай заалт орж, улс төрийн намуудын санаачилга, манлайллаар Улс төрийн намын тухай хууль (Шинэчилсэн найруулга) батлагдсан. Хуулийн үзэл баримтлалыг эвдэхгүйгээр хэрэгжүүлэх, парламентын ардчиллыг хөгжүүлэхэд улс төрийн намуудын оролцоо чухал. Хуулийн үзэл баримтлалд нийцүүлж намын дүрэм, журмаа шинэчлэх, дотоод ардчиллаа хангах сорилт тулгарч байгааг тэрбээр онцолсон юм. Түүнчлэн ёс зүйн буюу бичигдээгүй хэм хэмжээ, хандлага болох дотоод соёл, гишүүдийн хандлагыг өөрчилж, хууль хэрэгжүүлэх хүсэл зоригтой байхын чухлыг тэрбээр тодотголоо.
Нээлттэй нийгэм форумын Засаглалын хөтөлбөрийн менежер, улс төр судлаач Д.Энхцэцэг улс төрийн намын санхүүжилтын сайн туршлагыг Канад, Латви, Англи улсын жишээгээр харьцуулан мэдээллэв. Улс төрийн намын санхүүжилтийн системийн зохистой тогтолцоог хэрэгжүүлснээр авлига буурах, иргэдийн итгэл нэмэгдэх, өрсөлдөөн тэнцвэртэй болох, оролцоо нэмэгдэх, чинээлэг хандивлагчийн нөлөөг хязгаарлах, шударга сонгууль болох ач холбогдолтойг гадаад улсуудын жишээгээр илтгэлээрээ танилцууллаа.