Иргэний хувийн мэдээллийг цуглуулж, ашиглаж байгаа мэдээлэл хариуцагч хүний эрхийг зөрчжээ

Иргэний хувийн мэдээллийг цуглуулж, ашиглаж байгаа мэдээлэл хариуцагч хүний эрхийг зөрчжээ

Гомдлын агуулга: "..." ХХК нь миний регистрийн дугаар, овог нэр болон хувийн мэдээллийг ашиглан, өөр иргэнтэй "үйлчилгээ авах" ****50 дугаартай гэрээ байгуулсан. Энэхүү гэрээ нь Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.1 дэх заалтыг зөрчсөн. “...” ХХК нь миний хувийн мэдээллийг хамгаалах үүргээ биелүүлээгүй, мэдээллийг бусад хүнд задруулсны улмаас би зээлийн мэдээллийн санд "муу зээлдэгч" ангилалд орсон гэх гомдол нэр бүхий иргэнээс ХЭҮК-т ирсэн.

Гомдлын дагуу холбогдох албан тушаалтнаас тайлбар мэдээлэл авч, дүн шинжилгээ хийхэд: 1. Тухайн иргэн 2024 оны 06 дугаар сарын 27-нд ****46 дугаартай гэрээ байгуулж “...” ХХК-ийн үйлчилгээний шинэ хэрэглэгч болсон. Гэвч тухайн өдрийн 20 цагт “...” ХХК-ийн гэрээт суурилалтын инженер, иргэн ...-ийн гэрээний загварт үлдсэн хувийн мэдээллийг өөрчлөхгүй, нягталж шалгахгүйгээр гэрээнд тусган, өөр иргэнтэй 2024 оны ****50 дугаартай гэрээг байгуулж, ажил үүрэгтээ хайхрамжгүй хандсанаас дээрх зөрчил үүссэн байна. 2.Иргэн ... нь зээлийн мэдээллийн санд “муу зээлдэгч” ангилалд орсон болохоо мэдсэнээр уг зөрчлийг олж мэдсэн ба иргэн ... -ийн гомдлын дагуу компани алдааг залруулж, зээлийн мэдээллийн сан дахь иргэн ...-ийн мэдээллийг хэвийн төлөвт шилжүүлж, уучлалт хүссэн. 3.Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хуульд заасны дагуу "..." ХХК нь иргэний хувийн мэдээллийг цуглуулж, ашиглаж байгаа мэдээлэл хариуцагч бөгөөд хуулиар хүлээсэн үүргээ зөрчсөн гэж Комисс дүгнэж байна.

Хүний эрх зөрчигдөхөөс урьдчилан сэргийлэх зорилгоор Хүний эрхийн Үндэсний Комиссын гишүүний Зөвлөмжийг хүргүүлэв.

Үүнд: 1. Иргэн ... -ийн хүний хувийн мэдээллээ хамгаалуулах эрхийг зөрчсөн болон энэ үйлдэлд хяналт тавих чиг үүрэг бүхий албан тушаалтанд Хөдөлмөрийн тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэх; 2.Мөн энэ төрлийн зөрчлийг дахин гаргахгүй байх үүднээс үүссэн нөхцөл байдал, авсан арга хэмжээ, буруутай ажилтанд хүлээлгэсэн хариуцлагын талаар нийт ажилтнуудад зохимжтой байдлаар мэдээлэх, анхааруулга өгөх; 3.Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хуулийн талаарх мэдлэгийг нэмэгдүүлэх сургалт, сурталчилгааны арга хэмжээг зохион байгуулах, нийт ажилтнуудыг хамруулах.

Дүгнэлт Энэхүү тохиолдол нь байгууллагын ажилтнууд хүний хувийн мэдээлэлд хайнга, хяналтгүй хандсанаар иргэний эрхийг зөрчиж болохыг харуулж байна. Иймд байгууллагууд хүний эрхийг хүндэтгэж Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хуулийг хэрэгжүүлж ажиллах нь зүйтэй байна.