Баригдаж буй барилга руу 380 сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийж, залилуулжээ

Баригдаж буй барилга руу 380 сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийж, залилуулжээ

Цагдаагийн байгууллагад өдөрт 15-30 залилах гэмт хэрэг бүртгэгдэж байна. Залилах гэмт хэрэгт өртөх томоохон шалтгаан нь иргэд өөрсдийн ашигладаг дансаа бусдад ашиглуулах, хувийн мэдээллээ өгснөөс үүдэлтэй. Тухайлбал,

  • Энэ оны 11 дүгээр сарын 06-ны өдөр “Энхийг сахилуах ажиллагаанд явсан дүү маань шуудангаар доллар явууллаа, зардлаа төлөөрэй гэсний дагуу 16 сая 955 мянган төгрөг бусдын дансруу шилжүүлж, залилууллаа”,
  • Энэ оны 11 дүгээр сарын 07-ны өдөр “Миний хувийн мэдээллийг ашиглан зээлийн аппликейшнээс 17 сая төгрөгийн зээл авсан байна”,
  • Энэ оны 11 дүгээр сарын 11-ний өдөр “Баригдаж буй барилга руу 380 сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийж залилууллаа”,
  • Энэ оны 11 дүгээр сарын 11-ний өдөр “Зээл чөлөөлнө гэх зарын дагуу холбогдож, 35 сая төгрөг залилуулсан” гэх дуудлага, мэдээлэл цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн байна.

Залилах гэмт хэрэг нь иргэдийн хэрэгцээ шаардлага, сүсэг бишрэлийг далимдуулах, боломжгүй зүйлийг боломжтой мэтээр итгүүлж, байхгүй зүйлийг байгаа мэтээр төөрөгдүүлж, харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглах замаар үйлдэгддэг онцлогтой гэмт хэрэг юм.

Иргэд залилах гэмт хэргийн хохирогч болохгүйн тулд бусдад хувийн мэдээллээ өгөхгүй байх, өөрийн хэрэглэж буй цахим платформынхоо нууц үгийг тодорхой хугацаанд солих, хуурамч зар мэдээлэлд итгэж гүйлгээ хийхгүй байхыг анхааруулж байна.