Давж заалдах шатны шүүх А.Ганхуягт хорих ял оноосон залилах гэмт хэргийг гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болголоо

Давж заалдах шатны шүүх А.Ганхуягт хорих ял оноосон залилах гэмт хэргийг гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болголоо

“Ногоон автобусны” гэх тодотголтой А.Ганхуяг нарын 24 хүнд холбогдох эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх хурал болж, шүүх бүрэлдэхүүн шийдвэрээ танилцууллаа. 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх энэ хэрэгт холбогдсон Монгол Улсын 9 иргэн, БНСУ-ын 2 иргэний хэргийг хэрэгсэхгүй болгож, бусад 15 хүнийг ялласан. А.Ганхуягт нийтийн албанд ажиллах эрхийг нь 3 жил хасаж, 6 жил хорих ял оноосон бол С.Жавхлантбаатарыг нийтийн албанд ажиллах эрхийг нь 4 жил хасан, 3 жил хорих ялаар шийтгэсэн. Бусад 13 хүнд нь нийтийн албанд ажиллах, зорчих эрх хасах ял оноосон юм. Үүнийг шүүгдэгч нар эсэргүүцэн, давж заалдсан. Тэдний гомдол, эсэргүүцлийг давж заалдах шатны шүүх хүлээн авч, хянан хэлэлцээд, анхан шатны шүүхийн шийдвэрт нэмэлт өөрчлөлт оруулжээ.

Улмаар анхан шатны шийтгэх тогтоолоор А.Ганхуягт оноосон залилах гэмт хэргийг гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болголоо. Ингэснээр түүнд оноосон ялаас залилах гэмт хэргийн ял хасагдаж байгаа гэдгийг шүүх бүрэлдэхүүн тодотгов.