УИХ-ын чуулганы 2025 оны зургаадугаар сарын 03-ны /2025.06.03/ өдөр нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын 32 дахь Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд итгэл хүлээлгэх тухай тогтоолын төслийг хэлэлцэж, улмаар нийт гишүүний олонхын саналаар түүнийг огцорсонд тооцсон билээ.
Тэгвэл Үндэсний Аудитын газраас Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнийн тэргүүлж байсан Засгийн газрын 2024 оны санхүүгийн нэгдсэн тайланд аудит хийсэн байна. Тус аудитаар нийт 9.2 их наяд төгрөгийн зөрчил илрүүлжээ.
Тухайлбал;
- Монголбанкнаас тогтоосон банкны үйл ажиллагааны зохистой харьцааны шалгуур үзүүлэлтийг хангаагүй "Чингис хаан", "Үндэсний хөрөнгө оруулалтын банк"-нд байршиж байгаа байгууллагуудын нийт 256.9 тэрбум төгрөгийн мөнгөн хөрөнгөд эрсдэл үүссэн асуудлыг эцэслэн шийдвэрлээгүй,
- Төрөөс иргэдийн боловсрол, хөдөлмөр эрхлэлт, бизнесийг дэмжих зорилгоор Засгийн газрын тусгай сангуудаас олгосон зээл болон эргэн төлөгдөх нөхцөлтэй дэмжлэгээс 96.5 тэрбум төгрөг нь чанаргүй зээлийн ангилалд багтсан, 212.4 тэрбум төгрөгийн үлдэгдэл эргэн төлөгдөөгүй, хугацаа хэтэрсэн,
- Төсвийн зарлагын эх үүсвэрийн 5,057.7 тэрбум төгрөгийг төрийн сангийн тайланд өглөгөөр тайлагнаж, санхүүгийн нэгтгэсэн тайланд төсвийн ерөнхийлөн захирагчдын мөнгөн хөрөнгийн үлдэгдлийг бууруулж нэгтгэсэн,
- Засгийн газрын гадаад зээлийн хөрөнгийн эх үүсвэрээс эргэн төлөгдөх нөхцөлтэйгөөр дамжуулан зээлдүүлсэн олон жилийн насжилттай, хугацаа хэтэрсэн, эргэн төлөлт хийгдээгүй 977.7 тэрбум төгрөгийн зээлийн авлагын үлдэгдэлтэй, үүнээс 492.4 тэрбум төгрөгийн авлагыг зарим төсвийн ерөнхийлөн захирагчид тооцоо нийлж баталгаажуулаагүй,
- Капитал банкны эрх хүлээн авагаас авах Нийгмийн даатгалын сангийн 65.7 тэрбум төгрөг, Эрүүл мэндийн даатгалын сангийн 76.0 тэрбум төгрөг, нийт 141.7 тэрбум төгрөгийн авлагыг барагдуулах ажил удаашралтай, олон жилийн насжилттай, найдваргүй болох эрсдэлтэй хэвээр байгаа зэрэг нь санхүүгийн тайлагналын эрх ба үүрэг, оршин байх, нийцсэн бөгөөд зохистой байх батламж мэдэгдлүүдийг хангахгүй байжээ.
Мөн Улсын Их Хурлын 2024 оны 27 дугаар тогтоолын нэгдүгээр хавсралтаар "Тавантолгой түлш" ХХК-ийн төрийн эзэмшлийн хувийг Нийслэлийн өмчид шилжүүлэхээр, хоёрдугаар хавсралтаар хуримтлагдсан өр төлбөрийг шийдвэрлэх арга хэмжээг хууль тогтоомжийн хүрээнд хэрэгжүүлэхийг Засгийн газарт даалгасан боловч өр төлбөрийн асуудлыг бүрэн шийдвэрлээгүйгээс шалтгаалан Нийслэлийн өмчид шилжүүлээгүй, тогтоолын хэрэгжилт хангалтгүй байна.
Хамгийн ноцтой нь барьцаа хөрөнгийн дансанд байршуулсан 726.1 тэрбум төгрөгийн төсөл, арга хэмжээний үлдэгдлээс тайлант онд Засгийн газрын 2024 оны 249 дүгээр тогтоолын 1.6-д заасны дагуу нийт 102.5 тэрбум төгрөгийн 79 төсөл, арга хэмжээний гүйцэтгэгч нь шалгараагүй байхад санхүүжилтийг байршуулсан байжээ.
Тодруулбал, 20 минутын хот үндэсний хороонд 50 тэрбум төгрөг, Бүсчилсэн хөгжлийн үндэсний хүрээлэн УТҮГ-т 51.4 тэрбум төгрөг, Ховд аймгийн Засаг даргын Тамгын газарт 1.1 тэрбум төгрөг олгосон байна.
Үүгээр зогсохгүй, Монгол Улсын Засгийн газар гадаад улс орон, хөгжлийн түншүүдийн эх үүсвэрээс нийт 24 их наяд 438 тэрбум төгрөгийн зээл, тусламж авах гэрээ байгуулснаас 13 их наяд 330 тэрбум төгрөгийн зээлийн эрхийг ашиглаагүйгээс 39.4 тэрбум төгрөгийг амлалтын хүүд төлжээ. Энэ нь төсөвт санхүүгийн дарамт болж, зайлшгүй шаардлагатай төсөл, хөтөлбөрүүдэд зарцуулах боломжийг хязгаарлаж гэж аудитын байгууллагаас дүгнэжээ.