Нийслэлд автомашины зогсоол олдохгүй байна гэх шалтгаанаар иргэд автозамын нэгдүгээр эгнээ, нийтийн ногоон байгууламж, явган хүний зам зэрэгт автомашинаа тавих зөрчил гарсаар ирсэн. Ингээд эл асуудлыг шийдэхээр автомашиныг ачих арга хэмжээг аваад багагүй хугацаа өнгөрсөн. Гэсэн ч энэ шийдэл байж чадаагүй. Харин ч эсрэгээрээ автомашины жолооч, ачилтын компанийн хооронд зөрчил гарсаар ирсэн.
Улмаар тус зөрчлүүдийг арилгах, Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийг мөрдүүлэх зорилгоор "Epolice" аппликейшныг хэрэглээнд нэвтрүүлсэн байдаг. Тэгвэл тус аппликейшныг шинэчилж, "102 Police" болгоод байна. Улмаар тус аппликейшн нь иргэдийн оролцоотойгоор жолооч нарын зөрчлийг бууруулах зорилготой бөгөөд зөрчилтэй мэдээлэл илгээсэн иргэнд 10-20 хувийн урамшууллыг олгохоор болжээ. Энэ шийдвэр ирэх сарын 1-нээс хэрэгжиж эхэлнэ.
ВИДЕО:
Тодруулбал, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 24/34 дугаар тогтоол батлагдсанаар тус урамшууллыг олгох болсон юм. Замын хөдөлгөөний удирдлагын төвийн өгсөн мэдээллээр энэ сарын 17-24 буюу долоо хоногийн хугацаанд иргэд “102 Police” аппликейшнээр дамжуулан 6.471 зөрчлийг мэдээлсэн байна. Өөрөөр хэлбэл, иргэд тус аппликейшнээр дамжуулан өдөрт 1000 орчим замын хөдөлгөөний зөрчил мэдээлэл илгээдэг гэсэн үг.
"200 МЯНГАН ТӨГРӨГӨӨС ДООШ ҮНИЙН ДҮНТЭЙ ЗӨРЧИЛ МЭДЭЭЛСЭН ИРГЭНД 20 ХУВИЙГ ОЛГОНО"

Энэ талаар ЗХУТ-ийн Сургалт, судалгаа, олон нийттэй харилцах мэргэжилтэн Л.Баярцэцэг "2024оны есдүгээр сарын сүүлээр "Epolice" аппликейшныг халж, "102 Police" аппликейшныг хэрэглээнд нэвтрүүлсэн. Хариуцлагатай жолооч-Хамтын оролцоо урианы дор замын хөдөлгөөний зөрчлийг хүлээж авч байна. Урамшууллыг олгохдоо тухайн зөрчил нь 200 мянган төгрөгөөс дээш үнийн дүнтэй бол 10 хувь, 200 мянган төгрөгөөс доош бол 20 хувийг олгоно. Улмаар улирал тутам, тухайн сарын 20-ны дотор олгогдоно. Өнгөрсөн долоо хоногийн дотор 6.451 зөрчлийг мэдээлсэн гэдэг бол жолооч нар замын хөдөлгөөний дүрмийг маш муу баримталдаг гэдгийг харуулж байна. Эдгээр зөрчил нь ихэвчлэн автобусны зогсоол хааж зогссон, хориотой газар автомашинаа тавих, нийтийн эзэмшлийн зам талбай явган хүний зам зэрэгт автомашинаа тавих зэрэг юм. Энэ аппликейшн бол жолооч нарыг соёлжуулах, замын хөдөлгөөний дүрмийг мөрдүүлэх зорилготой" гэлээ.
"ХОЁР ЭГНЭЭ АВТОЗАМЫН НЭГ ЭГНЭЭГ ХААЖ АВТОМАШИН ТАВЬСНААР ТУС ХӨДӨЛГӨӨНИЙ ЭРЧМИЙГ 50 ОРЧИМ ХУВИАР УДААШРУУЛДАГ"
Сүүлийн өдрүүдэд автозамын нэгдүгээр эгнээнд автомашин тавих нь замын хөдөлгөөний ачаалалд хэрхэн нөлөөлдөг болон түгжрэлийг хэрхэн үүсгэдэг гэдгийг нийслэлчүүд харлаа. Тодруулбал, хоёр эгнээтэй автозамын нэгдүгээр эгнээг хааж автомашин тавьснаар тус урсгалын хөдөлгөөний ачааллыг 50 орчим хувиар нэмэгдүүлдэг гэх тоо баримт байна. Мөн гурван эгнээ бүхий автозамын нэгдүгээр эгнээнд автомашин тавьснаар тус хөдөлгөөний эрчим 30 хувиар удааширдаг байна.

Мөн "102 Police" аппликейшн нь зөвхөн замын хөдөлгөөний зөрчил мэдээлэх бус гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, иргэд, олон нийтэд мэдээ, мэдээллийг шуурхай хүргэх, дуудлага, мэдээллийг мессeжээр болон дүрст хэлбэрээр өгөх, дуудлага мэдээлэлд ирж буй цагдаагийн авто машины байршлыг харах, замын хөдөлгөөний ачаалал, дугаарын хязгаарлалттай бүс, замын хар цэгийн мэдээлэл, иргэний гаргасан дуудлага, гомдол мэдээллийг аль нэгжийн хэн гэдэг алба хаагч шалгаж байгаа хуулийн хүрээнд ямар арга хэмжээ авч шийдвэрлэж ажилласан талаарх мэдээллийг нэг доороос хурдан шуурхай авах боломжийг олгох юм.
