“Халзан бүрэгтэй” орд газрын ашиглалт, байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөлөл, эрсдэлийг нарийвчлан судлах сэдэвт ерөнхий хяналтын сонсгол өнгөрсөн есдүгээр сарын 23-ны өдөр /2025.09.23/ Төрийн ордонд болж өндөрлөсөн билээ.
Тус сонсголын үеэр өөрийгөө Саак Сараа хэмээн танилцуулсан М.Саранцэцэг гэх эмэгтэй "Нэр бүхий улстөрчдийг буудаж ална, нүдэнд нь тугалга цутгана. Энэ нь миний эрх" гэхчлэнгээр элдэв мэдээлэл өгсөн байдаг. Улмаар тухайн иргэнийг хуулийн байгууллагаас шалгаж эхэлсэн.
Харин өнгөрсөн амралтын өдрүүдэд цахим орчинд цагдаагийн байгууллагаас эрэн сурвалжилж, баривчлагдсан иргэн Б.Түвшинтунгалаг гэх эмэгтэйг “Халзан бүрэгтэй”-н сонсголын үеэр мэдээлэл хийсэн Саак Сараа байсан хэмээн мэдээлэх, хардах хүн олон байсан. Тэгвэл залилах гэмт хэрэг үйлдсэн хэргээр эрэн сурвалжлагдаж байсан Б.Түвшинтунгалаг гэх эмэгтэй нь Саак Сараа хэмээн өөрийгөө танилцуулсан М.Саранцэцэг гэх эмэгтэй биш аж.
Харин Б.Түвшинтунгалаг гэх эмэгтэй нь телеграмм, фэйсбүүк платформ ашиглаж залилах гэмт хэрэг үйлдэж, сүүлийн нэг жилийн хугацаанд 1533 удаагийн гүйлгээгээр бусдад 2.8 тэрбум төгрөгийн хохирол учруулсан хэрэгт холбогдож, улмаар цагдаагийн байгууллагаас түүнийг эрэн сурвалжилж, 10 дугаар сарын 12-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрээс баривчилсан нэгэн юм байна.