Нэр бүхий хүн Н.Өсөхбаярт зориудаар допинг өгч, хэрэглүүлсэн байж болзошгүй нөхцөл байдал тогтоогдож, Эрүүгийн хэрэг үүсгэжээ

Нэр бүхий хүн Н.Өсөхбаярт зориудаар допинг өгч, хэрэглүүлсэн байж болзошгүй нөхцөл байдал тогтоогдож, Эрүүгийн хэрэг үүсгэжээ

Энэ жилийн наадамд найм даван үзүүрлэсэн Сүхбаатар аймгийн Онгон сумын харьяат Н.Өсөхбаяраас допингийн төрлийн хориотой бодис илэрсэн тул түүний гарди цолыг хурааж, барилдах эрхийг гурван жилийн хугацаагаар хасах саналыг холбогдох байгууллага, албан тушаалтанд хүргүүлсэн гэдгийг Үндэсний бөхийн салбар хорооны дарга, ХЗДХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Н.Мягмар мэдээлсэн нь олны анхаарлыг татаад байна. 

Аймгийн арслан Н.Өсөхбаяр "Өөрөөс нь додинг илэрсэн асуудлыг хүлээн зөвшөөрсөн ч уг асуудлыг хуулийн байгууллагаар шалгуулах болно" гэдгээ мэдэгдэж байсан юм. 

Тэгвэл Н.Өсөхбаяраас допинг илэрсэн асуудлыг хуулийн байгууллагаас шалгаж, эрүүгийн хэрэг үүсгээд байгаа гэдгийг эх сурвалж мэдээллээ. 

Тодруулбал, нэр бүхий хүн Н.Өсөхбаярт зориудаар допингийн төрлийн бодис өгч, хэрэглүүлсэн байж болзошгүй нөхцөл байдал тогтоогдоод байгаа аж. Тиймээс ч уг хэрэгт цагдаагийн байгууллагаас эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн байна. Хэрэв Н.Өсөхбаярт допингийн төрлийн бодис зориуд, мэдэгдэхгүйгээр хэрэглүүлсэн нь хуулийн байгууллагаар эцэслэн тогтоогдвол түүнийг барилдах эрхийг хасаж, цолыг нь хураах санал хүчингүй болж, тэрбээр цагаадах юм.

-БИ ҮНЭН ЗӨВИЙГ ТОГТООЛГОХ, НЭР ТӨРӨӨ ЦЭВЭРЛЭХИЙН ТӨЛӨӨ ХУУЛИЙН БАЙГУУЛЛАГУУДТАЙ БҮРЭН ХАМТАРЧ, ИЛ ТОД АЖИЛЛАНА-

Улсын гарди Н.Өсөхбаяр өөрөөс нь допингийн төрлийн бодис илэрсэн гэх мэдээлэл гарсны дараа "Би Үндэсний бөхийн салбар хороо болон допингийн шинжилгээний лабораториос ирүүлсэн албан бичиг, дүгнэлтийг албан ёсоор хүлээн авлаа. Эдгээр баримтад миний өгсөн шинжилгээнд хориотой бодис илэрсэн тухай мэдээлэл багтсан тул үүнийг би хүлээн зөвшөөрч, маргахгүй гэдгээ олон нийтэд мэдэгдэж байна. Мөн Допингийн төв, Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хороо, Үндэсний бөхийн салбар хороотой шинжилгээтэй холбоотой ямар нэг маргаан үүсгэх бодол надад байхгүй. Гэсэн хэдий ч би тухайн илэрсэн өөх шатаагч жин хасах зориулалттай бодис маш багаар “very low” илэрсэн бөгөөд санаатайгаар хэрэглээгүй гэдгээ онцлон хэлье. Би сүүлийн жилүүдэд допингийн шинжилгээнд тогтмол хамрагдаж ирсэн бөгөөд бүх хариу сөрөг, ямар нэгэн зөрчилгүй гарч байсан. Энэ нь миний шударга, цэвэр байр суурийг нотолж байна гэж би үздэг.

Харин одоогийн нөхцөл байдал нь гуравдагч этгээдийн санаатай үйлдэлд өртсөн байх магадлалтай гэж би үзэж байгаа тул энэхүү асуудлыг хууль хяналтын байгууллагад шалгуулахаар хүсэлт гаргаад байна.

Энэхүү хүсэлтийг үр дүнгийн менежментийн баг хүлээн авч, шударгаар шийдвэрлэнэ гэдэгт итгэж байна. Би үнэн зөвийг тогтоолгох, нэр төрөө цэвэрлэхийн төлөө хуулийн байгууллагуудтай бүрэн хамтарч, ил тод ажиллана. Цэвэр спорт, шударга өрсөлдөөн бол миний үнэт зүйл, амьдралын зарчим. Ийм нөхцөл байдал үүссэн нь Монголын төр, нутаг ус, намайг дэмжсээр ирсэн ард олны сэтгэлд сэв суулгасан бол би чин сэтгэлээсээ уучлал хүсэж байна. Надад итгэж, дэмжиж ирсэн бүх хүнд талархал илэрхийлье" хэмээн мэдэгдэж байсан юм.