ТЕГ-аас Оюутолгой компанийн Худалдан авах газрын нэр бүхий албан тушаалтнуудын орон байр, автомашинд нэгжлэг хийжээ. Нэгжлэгийг хойшлуулшгүй ажиллагааны хүрээнд өнөөдөр буюу аравдугаар сарын 23-ны өдрийн үүрээр хийсэн бөгөөд нэгжлэгээр орон байрнаас нь 10 орчим тэрбум төгрөг, олон тооны тансаг зэрэглэлийн үл хөдлөх хөрөнгө, автомашинууд эзэмшиж байсан нь тогтоогджээ.
Тухайн сэжигтнүүдийг албан тушаалын байдлаа ашиглаж бусдад давуу байдал бий болгон, авлига авч улмаар хууль бусаар олсон орлогоороо тансаг зэрэглэлийн үл хөдлөх хөрөнгүүдийг өөрийн хамаарал бүхий хүмүүсийн нэр дээр шилжүүлж зах зээлд эргэлдүүлэх замаар мөнгө угаах гэмт хэрэг үйлдсэн байж болзошгүй үндэслэлээр шалгаж буй аж. Уг мэдээлэлд Оюутолгой ХХК-аас “Оюу толгой” компани нь авилга, хээл хахууль, аливаа ёс зүйн зөрчлийг үл тэвчих хатуу дүрэмтэй. Компанийн худалдан авах үйл ажиллагаатай холбоотой зөрчил гарсан тухай мэдээлэлтэй холбогдуулан хяналт, шалгалт явуулж байгаа бөгөөд хууль сахиулах байгууллагуудтай хамтран ажиллаж байна. Шалгах ажиллагаа явагдаж байгаа учир илүү дэлгэрэнгүй мэдээлэх боломжгүй байна" гэжээ.