Улстөрчид болон улс төрд нөлөө бүхий албан тушаалтнууд авлига албан тушаалын гэмт хэрэгт холбогдохдоо хэргээ "улс төрийн захиалгаар" хэмээн тайлбарлах тохиолдол цөөнгүй гардаг. Үүний хамгийн ойрын жишээ нь УИХ-ын гишүүн С.Ганбаатар.
Түүнийг АТГ-аас мөрдөн шалгаж, прокуророос түүнд Эрүүгийн хуулийн 22.4 дүгээр зүйл буюу Нийтийн албан тушаалтан хахууль авах, 22.10 дугаар зүйл буюу Үндэслэлгүйгээр хөрөнгөжих, 18.6 дугаар зүйл буюу Мөнгө угаах гэсэн зүйл ангиар яллаад буй. Гэтэл тэрбээр "Өөрийг нь улс төрийн зорилгоор нэр бүхий хүмүүсийн үйлдэлтэй холбоотойгоор хуулийн байгууллагаас шалган, яллах гэж байна" гэх тайлбарыг удаа дараа хийсэн байдаг. Харин түүнд холбогдох хэргийг прокуророос шүүхэд шилжүүлэхэд бэлэн болсон ч тэрбээр дээд шатны прокурорт хандсанаар хэрэг удаашраад байгаа юм.
-С.БАТЖАРГАЛЫГ АТГ-ААС ОГТ ШАЛГААГҮЙ БАЙНА-
Тэгвэл улс төрийн зорилгоор байж магадгүй үйлдлээр хууль хүчний байгууллагыг харлуулж, нэр төрд нь халдах, хуулийн байгууллагад итгэх иргэдийн итгэлийг сулруулах үйлдэл ч гарах болжээ. Тухайлбал, өнгөрсөн зун 100 жилийн ойгоо тэмдэглэн өнгөрүүлсэн Увс аймгийн Засаг дарга С.Батжаргал өнгөрсөн даваа гарагт буюу аравдугаар сарын 20-ний өдөр өөрийн цахим хуудаснаа "Би Увс наадмыг хийчихсэн юмаа. Амарбаясгалан дэмжсэн учраас АТГ намайг шалгаж байна" хэмээн мэдээлсэн. Гэтэл тэрбээр энэхүү мэдээллээ хэсэг хугацааны дараа устгасан байгаа юм.
Увс аймгийн Засаг дарга С.Батжаргал нь улс төр тогтворгүй, эрх баригч нам хоёр хуваагдсан байгаа энэ үед ийнхүү мэдээлэл оруулсан нь магадгүй тэрбээр УИХ-ын дарга асан Д.Амарбаясгалангийн талд гэдгээ илэрхийлэхийн тулд дээрх үйлдлийг хийсэн байж болзошгүй байгаа юм.
Хамгийн ноцтой нь Увс аймгийн Засаг дарга С.Батжаргалыг АТГ-аас одоогоор шалгаагүй, ямар нэгэн хэрэг бүртгэлтийн хэрэг нээгээгүй гэдгийг эх сурвалж мэдээлж байна. Үүнээс үзвэл "100 жилээ хийчихсэн. Амарбаясгалан дэмжсэн учраас АТГ шалгаж байна" хэмээн мэдээлсэн С.Батжаргал нь худал мэдээлэл түгээсэн болж байгаа юм. Харин үүний цаана хууль хүчний байгууллага улс төрийн зорилгоор ажилладаг уу гэх хардлага төрж, хууль хүчний байгууллагад итгэх иргэдийн итгэл сулрах уршигтай. Тиймээс ч хариуцлагатай албан тушаал хашиж буй Увс аймгийн Засаг дарга С.Батжаргалын дээрх үйлдэл хийгээд 100 жилийн ойгоор иргэд, аж ахуйн нэгжээс цугласан хандив, төсвийн зарцуулалтыг нь шалгаж, зохих хариуцлага тооцохыг иргэд шаардаж байна.