Үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхимын гүйцэтгэх захирал асан Т.Дүүрэнийг одоогоос нэг жилийн өмнө буюу 2024 оны арваннэгдүгээр сард АТГ-аас саатуулан шалгаж байсан билээ.
Тэгвэл түүнд холбогдох хэргийг хуулийн байгууллагаас шалгаж дуусаад прокуророос түүнд яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.
Тодруулбал, Т.Дүүрэн нь Үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхимын гүйцэтгэх захирал ажиллаж байхдаа хувьдаа болон бусдад давуу байдал бий болгох, ашиг хонжоо олох, мөнгө угаах зорилгоор албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашиглаж, нэр бүхий банканд байршуулсан 1.000.000 (тухайн өдрийн Монгол банкны ханшаар 2,844,577,032.72 төгрөг) ам.долларын гэрээг цуцалж үлэмж хэмжээний хохирол учруулж, үүнээс 1 тэрбум 975 сая төгрөгийг хамтран гүйцэтгэгч Б.Н нарт шилжүүлэн биткойн (Bitcoin) бүхий виртуал хөрөнгө болгон бодит шинж чанар, эх үүсвэрийг нуун далдалж, мөнгө угаах гэмт хэргийг зохион байгуулсан хэмээн буруутгаж байгаа аж. Улмаар тухайн хэрэгт прокуророос Эрүүгийн хуулийн 18.6 дугаар зүйлийн 2.3 /Мөнгө угаах/-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд шилжүүлсэн байна.
-Т.ДҮҮРЭН "БИ ӨӨР ХЭРЭГ ХҮЛЭЭЖ СУЛЛАГДСАН" ХЭМЭЭН МЭДЭГДЭЖ БАЙВ-
Эргэн сануулахад, УИХ-ын гишүүн Б.Энхбаяр өнгөрсөн есдүгээр сард NTV телевизийн ярилцлагад орж, УИХ-ын дарга Д.Амарбаясгалан болон Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнэ нарын нэр холбогддог зарим асуудлыг сөхсөн байдаг. Тухайлбал, тэрбээр, "Гэрэгэ товер”-ын 15 давхрыг Б.Баатар айлган сүрдүүлж, эзэмшигчийг нь баривчлуулж байгаад маш хямд нөхцөлөөр авсан" тухай ярьсан юм.
Харин тус барилгын эзэмшигч О.Амартүвшин энэ талаар тайлбар хийж, “Б.Энхбаяр гишүүн “Гэрэгэ” 15 давхар гээд баахан үлгэр домог шиг зүйл ярьж. Баатартай 2002 оноос Маркетингийн салбарт анх ажиллаж байх үеэс танилцаж, нөхөрлөж байна. Манай барилгын компани 2014 онд “Гэрэгэ”-г барьж ашиглалтад оруулсан. Анх 8 жилийн өмнө буюу 2017 онд бид 2 ярьж хөөрөөд, нөхцөлөө тохироод тухайн үеийн зах зээлийн ханшаар 15 давхрыг худалдах, худалдан авах гэрээ байгуулж борлуулсан ...” гэж мэдэгдсэн байдаг.
Харин МХАҮТ-ын Ерөнхийлөгчөөр О.Амартүвшинг ажиллаж байх үед, танхимын гүйцэтгэх захирал байсан Т.Дүүрэн түүнд хандан, өөрийн X хуудастаа, "Ингэж орж ирж яахнуудээ миний найз. Ханилж явсан нөхрөө буюу намайг ингэж жийх муухай. Хэро офис нь 15 ба 14 давхраас бүрддэг. 14-ийг нь UFC ХХК зүй бусаар өгч авалцан, энэ асуудлаа надаар хөөцөлдүүлж, үр дүнд нь намайг ноднин барьж хорьсон. Үүнийг ярихгүй гэдэг тохироогоор би өөр хэрэг хүлээж суллагдсан. Би хэлсэн ярьсандаа л чимээгүй байж ирсэн. Гэвч одоо ил гараад ирлээ. Найз нөхөд минь намайг дахин хаялаа" хэмээн бичиж байв.