ШУУРХАЙ: Г.Чинзориг нарт холбогдох хэргийн урьдчилсан хэлэлцүүлэг болж, хэргийг шүүхэд шилжүүлсэн ч түүнийг сулласангүй

ШУУРХАЙ: Г.Чинзориг нарт холбогдох хэргийн урьдчилсан хэлэлцүүлэг болж, хэргийг шүүхэд шилжүүлсэн ч түүнийг сулласангүй

Холимог тулааны тамирчин гэгддэг иргэн Г.Чинзориг нь энэ оны зургаадугаар сарын 26-ны өдөр иргэн М.Тэнгистэй үл ялих зүйлээс болж маргалдан, биед нь халдсан ноцтой хэрэг гарсан билээ. 

Улмаар хуулийн байгууллагаас түүнийг цагдан хорьж, мөрдөн шалгах ажиллагааг явуулж эхэлсэн байдаг. Ингэхдээ прокуророос Г.Чинзоригт холбогдох хэрэгт Эрүүгийн хуулийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйл "Хүнийг алах"-ийн 2.1 "онц харгис хэрцгийгээр", 2.7 "хохирогчийг биеэ хамгаалж чадахгүйг мэдсээр байж" дахь хэсэгт зааснаар, харин М.Тэнгисийг Эрүүгийн хуулийн 11.6-1 дэх хэсэгт зааснаар буюу хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан хэмээн яллаж, хэргийг шүүхэд шилжүүлээд байсан юм.

Тэгвэл Г.Чинзориг, М.Тэнгис нарт холбогдох хэргийн урьдчилсан хэлэлцүүлэг болж, хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.

Тодруулбал, Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх дээрх нэр бүхий хүмүүст холбогдох хэргийн урьдчилсан хэлэлцүүлгийг хийж, хэргийг шүүхэд шилжүүлсэн байна. Ингэхдээ Г.Чинзоригт өмнө авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээжээ. 

Хэргийг эргэн сануулахад, Г.Чинзориг нь энэ оны зургаадугаар сарын 26-ны өдөр Чингэлтэй 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг "Халиун" авто засварын газарт иргэн М.Тэнгисийг тэвэрч унаган нуруу, толгой хэсэгт гурван удаа өшиглөн зодож, улмаар хохирогч ухаан балартан биеэ хамгаалах чадваргүй байх үед уг үйлдлийг таслан зогсоох гэсэн "Б"-ийн үйлдлийг үл харгалзан үргэлжлүүлэн авто машины төмөр эд ангийг зэвсгийн чанартайгаар ашиглан зодож онц харгис хэрцгийгээр хүнийг санаатай алахыг завдсан хэрэг үйлдсэн байдаг юм. 

Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйл. Хүнийг алах

2.1.онц харгис хэрцгийгээр

2.7.хохирогчийн биеэ хамгаалж чадахгүй, жирэмсэн болохыг мэдсээр байж алсан бол арван хоёр жилээс хорин жил хүртэл хугацаагаар, эсхүл бүх насаар нь хорих ял шийтгэнэ.

11.6 дугаар зүйл. Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах

1.Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан бол дөрвөн зуун тавин нэгжээс нэг мянга гурван зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас гурван сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ гэж заажээ.