Засгийн газрыг Үндсэн хууль зөрчиж огцруулсан талаар хуульчид юу хэлэв

Засгийн газрыг Үндсэн хууль зөрчиж огцруулсан талаар хуульчид юу хэлэв

УИХ-ын чуулганы баасан гаргийн нэгдсэн хуралдаанаар Ерөнхий сайдыг огцруулсан процедур нь Үндсэн хууль зөрчсөн болохыг хуульчид хэлж байна.

Тухайлбал, Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 101.2-т “Төрийн байгуулалтын байнгын хороо Ерөнхий сайдыг огцруулах саналыг хуралдаанаараа хэлэлцэж санал, дүгнэлт гарган нэгдсэн хуралдаанд танилцуулна” гэж, 101.3-т “Нэгдсэн хуралдаан Байнгын хорооны санал, дүгнэлтийг сонсож, ил санал хураалт явуулна” гэж заасан. Гэтэл хуулийн дээрх заалтуудыг зөрчиж, чуулганы нэгдсэн хуралдаан дээр Төрийн байгуулалтын байнгын хорооны саналын томъёоллоор санал хураасан нь Үндсэн хууль зөрчсөн үйлдэл болжээ. Энэ талаар хуульчдын байр суурийг хүргэж байна.

Академич С.Нарангэрэл "2019 оноос өмнө Засгийн газрыг огцруулах тухай албан ёсны саналыг Улсын Их Хурал хэлэлцэж шийдвэрлэдэг байсан буюу холбогдох байнгын хорооны саналыг үндэслэн санал хурааж болдог байсан. Гэтэл 2019 онд орсон нэмэлт, өөрчлөлтөөр УИХ-ын нэгдсэн чуулганаар “Ерөнхий сайдыг огцруулна гэсэн” гишүүдийн саналыг л хэлэлцэн шийдвэрлэж, санал хураах шинэ Үндсэн хуулийн орчин үйлчилж байна. УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны томьёоллоор санал хураалт хийлгэвэл маш ойлгомжгүй, эргэлзээтэй байдал үүсэж болзошгүй. Өөрөөр хэлбэл байнгын хорооны дэмжээгүй саналыг дэмжье гэсэн маягийн нэн ойлгомжгүй Үндсэн хуулийн зөрчилдөөнтэй томьёоллоор санал хураалт хийгдэх болно шүү дээ. Үндсэн хуулийн 3 дугаар зүйлийн хоёр дахь хэсэгт “Төрийн эрх мэдлийг хууль бусаар авах, авахаар завдахыг хориглоно” гэж заасан. Төрийн эрх мэдэл бол УИХ, Засгийн газар, Ерөнхийлөгч, Улсын дээд шүүх шүү дээ. УИХ Үндсэн хууль зөрчсөн томьёоллоор санал хураалт явуулсны үндсэн дээр Ерөнхий сайдыг огцруулж, шинэ Ерөнхий сайдыг томилоход хүрвэл нэг ёсондоо төрийн эрх мэдлийг хууль бусаар авсан асуудал болж хувирна.

“Иргэн” Д.Ламжав "ТББХ-ны санал “нийт гишүүний олонхи уг саналыг дэмжсэн бол” гэснийг "нийт гишүүний олонхи эсрэг саналыг дэмжсэн бол” гэж сольсон байна. Энэ бол 43.1 заалтыг ноцтой зөрчсөн байна. ТББХ-ноос УИХ-д оруулсан саналыг хэлэлцэн Ерөнхий сайдыг огцруулах асуудлыг хэлэлцсэн. Ерөнхий сайд Занданшатарын хүсэлтээр Цэц Үндсэн хуулийн маргаан үүсгэсэн байна. ТББХ дээр “Ерөнхий сайдыг огцруулахыг дэмжихгүй” гэсэн санал, УИХ дээр “ТББХ-ны энэхүү саналыг дэмжихгүй” гэсэн санал өгсөн гишүүн бүр ёс суртахуунгүй авирлажээ. Иймээс энэ сүүлчийн саналыг дэмжсэн 71 гишүүн ч мөн адил ёс суртахуунгүй авирлажээ. Энэ санал хураалтын дүнг ашиглан гаргасан УИХ тогтоол Үндсэн хуулийн “1.2 Ардчилсан ёс, шударга ёс, ... , хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн” гэсэн заалтыг зөрчсөн байна.

Гавьяат хуульч, ҮХЦ-ийн дарга асан Н.Жанцан "Хэний талд ямар үр дүн гарахаас үл хамаарч зөвхөн Үндсэн хуулиа хатуу дагах ёстой. Тэгж байж бид Үндсэн хуулийн хямралаас сэргийлэх болно" гэв.

Хуульч О.Батхүү "Намын хямрал төрийн хямрал, Үндсэн хуулийн хямрал болон өргөжив. ҮХЦ-ээс Ерөнхий сайдыг огцруулсан процесс Үндсэн хууль зөрчсөн гэж үзвэл УИХ-аас гарсан шийдвэр хүчингүй болно. Х.Булгантуяа гишүүн эгүүлэн татагдах нөхцөлд орно. Дахин санал хураалт явагдана. Маш төвөгтэй нөхцөл байдал үүснэ гэсэн үг".

Ерөнхий прокурорын орлогч асан, хуульч Г.Эрдэнэбат "Үндсэн хуулиа 2019 онд өөрчлөөд, УИХ-ын хуралдааны дэгийн тухай хуулиа 2024 онд шинэчлэн найруулаад, яг энэ завхралыг зассан шүү дээ. Дэгийн тухай хуулийн 101 дүгээр зүйлээ хараасай".

Гавьяат хуульч Н.Лүндэндорж "Г.Занданшатарыг огцруулсан процесс Үндсэн хуулийн зөрчил юм. Энэ нь нэг ёсондоо төрийн эрх мэдлийг хууль бусаар авсан асуудал болж хувирна".

УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин "Үндсэн хуульд нэг тодорхой заалт байгаа. Ерөнхий сайдыг огцруулах асуудлыг УИХ өөрөө шийдвэрлэнэ гэсэн агуулга. Байнгын хорооны санал дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд таницуулна л гэж байгаа. Танилцаад ямар шийдвэр гаргах нь УИХ-ын өөрийнх нь бүрэн эрхийн асуудал. ТББХ-ны “Ерөнхий сайдыг огцруулах асуудлыг дэмжээгүйг дэмжье” гэдэг томъёоллоор санал хураах боломжгүй. Үндсэн хуулийн агуулга тэгж л уншигдаж байна".

Хуульч Л.Нинжбат "Хуулийг уншихдаа үгийн шууд утга агуулгаар ойлгож тайлбарлана гэсэн зарчим бий. Үндсэн хуулийн дөчин гуравдугаар зүйлийн 1 дэх заалтын гол түлхүүр үгс нь “Ерөнхий сайдыг огцруулах саналыг албан ёсоор тавибал...”, “... уг саналыг дэмжсэн бол...” гэсэн холбоосын утга агуулгыг анхаарах ёстой юм.Үндсэн хуулийн энэ заалтад хоёрдмол утга агуулгагүйгээр “Ерөнхий сайдыг огцруулах санал”-ын тухай маш тодорхой заасан байна. Тийм учраас УИХ-аар Ерөнхий сайдыг огцруулах санал хураалтыг явуулахдаа “Ерөнхий сайдыг огцруулах саналыг дэмжье” гэсэн томьёоллоор л санал хураалт явагдах ёстой байна. Түүнээс биш Төрийн байгуулалтын байнгын хорооны санал хураалтаар шийдэгдсэн “Ерөнхий сайдыг огцруулахыг дэмжихгүй гэснийг дэмжье” гэсэн томьёоллоор санал хураана гэсэн Үндсэн хуулийн зохицуулалт байхгүй. Ерөнхий сайдыг огцруулах асуудалд ТББХ санал, дүгнэлтээ УИХ-ын чуулганд танилцуулсны дараа хуралдаан даргалагч “Ерөнхий сайдыг огцруулахыг дэмжье” гэсэн томьёоллоор л санал хураалтыг явуулах ёстой" гэжээ.

Эх сурвалж: Өдрийн сонин