Хууль, зүй дотоод хэргийн сайд асан, УИХ-ын гишүүн Б.Энхбаяр өнгөрөсөн амралтын өдөр цахим хуудсаараа дамжуулан Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнэ Монгол Улсыг сурталчлах нэрийдлээр улсын төсвийн долоон тэрбум төгрөгөөр "Монгол хаан" жүжгийг санхүүжүүлсэн тухай баримтыг дэлгэсэн нь олны анхаарлыг татаж байна.
Түүний мэдээлснээр "Эрдэнэс-Оюутолгой" компани нь Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрын “шийдвэр”-ийн дагуу гэдэг нэрийдлээр гадаад улсын "Atticus Partners" Ltd болон "Atticus communications" Ltd компанитай дөрвөн удаагийн үйлдлээр нийт 1.9 сая ам доллараар (7 орчим тэрбум төгрөг) гэрээ хийж, “Дэлхийд Монголыг сурталчлах” гэсэн халхавчаар Монгол Улсын Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнийн 50 хувь эзэмшдэг Херо энтертэйнмент компанийн бүтээл “Монгол хаан” жүжгийн гадаад суртачилгааг хийсэн нь баримтаар тогтоогдсон гэдгийг тодотгосон.
Харин УИХ-ын гишүүн Б.Энхбаярын дээрх мэдээллийг "Wild Yak Productions" Ltd няцааж, "Wild Yak нь “The Mongol Khan” бүтээлийг сурталчилах ямар нэгэн гэрээг Make A Noise Ltd (маркетинг), Bread & Butter PR (хэвлэл мэдээлэл харилцаа холбоо), болон Sine Digital (дижитал маркетинг) гэсэн гурван компаниас өөр бусад ямар ч компанитай хийгээгүй гэдгээ мэдэгдээд байгаа.
Тэгвэл Монгол Улсын Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнийн 50 хувь эзэмшдэг "Херо энтертэйнмент" компанийн бүтээл “Монгол хаан” жүжгийн гадаад суртачилгааг 7 орчим тэрбум төгрөгөөр хийх "нууц гэрээ"-г байгуулсан гэх "Эрдэнэс-Оюутолгой" компанийн төлбөрийн чадварыг илэрхийлэх санхүүгийн үзүүлэлтүүдийн зохистой харьцаа алдагдсан, төсвийн хөрөнгийг үр ашиггүй зарцуулж байсан нь Аудитын байгууллагын шалгалтаар илэрч байжээ.
Тодруулбал, тухайн компани нь үйл ажиллагааны зардлыг санхүүжүүлэх зорилгоор толгой компани буюу "Эрдэнэс Монгол" ХХК-иас 2012-2021 оны хугацаанд авсан үндсэн зээл, хуримтлагдсан зээлийн хүүгийн төлбөрт 12 тэрбум гаруй төгрөгийн өртэй байгаа нь ил болсон байна. Энэ нь тус компанийн төлбөрийн чадварыг илэрхийлэх санхүүгийн үзүүлэлтүүдийн зохистой харьцаа алдагдсан байгааг илэрхийлж байгаа аж.
Мөн "Эрдэнэс-Оюутолгой" компани нь "Би Эм Си Эм" ХХК-тай 2024 оны наймдугаар сарын 15-ны өдөр 8 тэрбум 247 сая төгрөгөөр "Барилга байгууламж худалдаж авах тухай" гэрээ байгуулсан бөгөөд 2024 оны есдүгээр сарын 25-ны өдөр дээрх гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулж, үнийн дүнгийн 70 хувь буюу 5 тэрбум 772 сая 9 мянган төгрөгийн урьдчилгааг гүйцэтгэгч компанийн дансанд шилжүүлсэн байна. Гэвч одоог хүртэл барилгыг хүлээн авч гэрээний үүргийг хангуулаагүй буюу төлбөрийнх нь дийлэнхийг төлсөн оффисоо худалдан аваагүй байгаа аж. Тиймээс ч "Эрдэнэс-Оюутолгой" компани нь "Блью Скай" тауэрын 8 давхарыг түрээслэн үйл ажиллагаа явуулах болсон байна. Ингэхдээ 374.65 метр квадрат оффисын талбайг түрээслэсэн бөгөөд 2024 оны тавдугаар сард түрээсийн гэрээ байгуулахдаа нэг м.кв-ийн 1 сарын түрээсийн төлбөрийг ТӨБЗГ-ын 2024 оны 139 дүгээр тогтоолоор баталсан дүнгээс 38 мянган төгрөгөөр илүү байхаар тохиролцсоноос нийт 170.8 сая төгрөгийн илүү зардал гаргасан болох нь мэргэжлийн байгууллагын шалгалтаар илэрсэн байна. Түүнчлэн шилэн дансны нэгдсэн цахим хуудаст 2024 онд ил тод байршуулбал зохих нийт 152 мэдээллээс 1 мэдээллийг байршуулаагүй, таван сая төгрөгөөс дээш үнийн дүн бүхий 6 тэрбум 226 сая төгрөгийн зарлагын 40 гүйлгээг байршуулаагүй, өмнөх аудитаар өгсөн албан шаардлагыг биелүүлээгүй зөрчлийг давтан гаргажээ.