ФОТО: Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч гишүүдийг сонголоо

ФОТО: Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч гишүүдийг сонголоо

Нийт шүүгчийн III чуулган өнөөдөр /2025.10.10/  хоёр дахь өдрөө үргэлжиллээ.

Энэ үеэр Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч гишүүнд нэрээ дэвшүүлсэн 15 шүүгч дэвшиж буй  үндэслэл,  хэрэгжүүлэх ажлаа танилцуулж, чуулганд оролцогчдын асуултад хариулснаар Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч гишүүнийг сонгох санал хураалт боллоо. 

Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч гишүүнд 15 шүүгч нэрээ дэвшүүлж, нийт 479 шүүгч санал өгснөөс Улсын дээд шүүхийн шүүгч П.Золзаяа, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Г.Даваадорж, Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч М.Мөнхдаваа, Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч О.Жанчивнямбуу нар олонхын саналаар сонгогдсон байна. Анхан шатны шүүхээс Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч гишүүнд нэр дэвшигч Н.Одонтуул, Л.Өлзийжаргал нарын дунд дахин санал хураалт явуулж, 464 шүүгч санал өгснөөс Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Өлзийжаргал олонхын саналаар сонгогдов.