“Голомт”-ын Д.Баясгаланг “Монголын эзэн” гэцгээдэг болоод удаж байгаа. Энэ нь ч хоёрхон хоногийн өмнө Засгийн газраас ил болгосон нууц гэрээнүүдээр батлагдав бололтой.
Тодруулбал, Ерөнхийлөгч асан Х.Баттулгын “танк”-аар сүрдүүлж гацаасан Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн 233 км төмөр замын ажлыг 2019 онд "Голомт"-ын Д.Баясгалангийн “Бодь интернэшнл” ХХК-д тендергүйгээр өгч, улмаар 1.3 тэрбум ам.доллараарын санхүүжилтийнх нь 896 сая ам.долларыг нь “Эрдэнэс тавантолгой” ХК-аас нүүрсээр төлөх гэрээ хийж, үүнийгээ нууцад оруулсан байсан нь ил боллоо. Мөн уг "Мухар төмөр зам"-ын санхүүжилт болох 896 сая ам.долларын үнэ нүүрсийг худалдах, худалдан авах гэрээнүүд ил болов.
Уг гэрээнүүдээс үзвэл, “Монголын эзэн” гэгдэх "Голомт"-ын Д.Баясгалангийн "Бодь Интернэшнл" ХХК болон "Эрдэнэс тавантолгой" ХК-ууд БНХАУ-ын нэр бүхий компаниудтай "Нүүрс худалдах, худалдан авах" гуравласан 30 гаруй гэрээг байгуулжээ.
Ингэхдээ, Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутагт орших Тавантолгойн ордоос олборлосон исэлдсэн болон коксжих нүүрсийг Гашуунсухайт-Ганцмод, Замын-Үүд-Эрээн гэсэн боомтуудаар гаргахаар гэрээлсэн байна. Харин "Нүүрсээ Гашуунсухайт-Ганцмод боомтоор экспортолбол нэг тонныг нь 60 ам.доллар, Замын-Үүд-Эрээн боомтоор бол 60.57 ам.доллар байна" хэмээн гэрээлжээ. Гэтэл энэ нь тухайн үеийн зах зээлийн ханшаас хямд үнэ бөгөөд улсад олон тэрбум төгрөгийн хохирол учруулсан байж болзошгүй байна.
Тухайлбал, нууцаас гаргасан гэрээнүүдээс ганцхан гэрээг иш татаж үзлээ. "Бодь Интернэшнл" ХХК нь төлбөр хүлээн авагч талыг төлөөлж, "И-Коммодитис Холдинг Прайвет Лимитед" гэх БНХАУ-ын компанитай 2020 оны гуравдугаар сард нэг сая тонн нүүрс худалдах, худалдан авах гэрээг байгуулжээ. Ингэхдээ нэг тонн коксжих нүүрсний үнийг 60 доллараар худалдана хэмээн гэрээлсэн байх аж.
-НЭГ ТОНН НҮҮРСЭЭ 60 АМ.ДОЛЛАРААР ЗАРАХААР ГЭРЭЭЛЖ БАЙХ ҮЕД НҮҮРСНИЙ ҮНЭ ОЙРОЛЦООГООР 83 АМ.ДОЛЛАР БАЙЖЭЭ-
Нүүрсний үнэ зарладаг Хятадын "sxcoal.com" гэх албан ёсны сайтаас тухайн үед нэг тонн коксжих нүүрс ямар үнэтэй байв гэдгийг хөөж үзлээ.
Тус сайтын мэдээллээр дээрх гэрээг үзэглэсэн үед буюу 2020 оны гуравдугаар сард нэг тонн коксжих нүүр 920 юань байсан баримт байна.
Энэ нь БНХАУ-ын үнэ бөгөөд үүнээс татвар, НӨАТ, гаалийн талбайн түрээс, тээврийн зардал зэргийг хасаад ойролцоогоор тооцож үзвэл тухайн үед нэг тонн коксжих нүүрс 83 ам.доллар байжээ. Гэтэл Д.Баясгалангийн "Бодь Интернэшнл" ХХК нэг сая тонн нүүрсийг тонныг нь 60 ам.доллараар борлуулахаар гэрээлсэн байгаа юм. Товчхондоо нэг тонн тутмаас 23 ам.доллар гээд нийтдээ 23 сая ам.доллар буюу 64.4 тэрбум төгрөгийн алдагдалтай байж болох гэрээг тэд хийсэн байна. Энэ нь нийтэд алдагдалтай гэж харагдаж байгаа ч үүний цаана Д.Баясгалангийн "Бодь Интернэшнл" ХХК энэ хэмжээний ашгийг үнийн зөрүүнээс хүртсэн байхыг үгүйсгэхгүй юм.
Энэ нь ганцхан гэрээний цаана нуугдаж байгаа асуудал. Гэтэл үүн шиг 1.3 тэрбум төгрөгийн үнэ бүхий нүүрс худалдах 30 гаруй гэрээг тэд үзэглэсэн гээд үзвэл хэдэн их наядын хохирлыг төрд учруулж, өөрсдөө ашиг хүрсэн байж магадгүй байна. Харин “Монголын эзэн” гэгдэх "Голомт"-ын Д.Баясгаланд хэн энэ боломжийг олгож, давуу байдал үүсгэв, үүнд нь эрх мэдэл албан тушаалтнууд нөлөөлсөн үү гэдгийг хууль хяналтын байгууллага шалгаж тогтоох нь зүй ёсны хэрэг болоод байна. Үргэлжлэл бий.