"Чингис хаан" банкинд 2.2 тэрбум төгрөгийн давуу байдал олгосон Б.Баяндэлгэр нарыг яллажээ

"Чингис хаан" банкинд 2.2 тэрбум төгрөгийн давуу байдал олгосон Б.Баяндэлгэр нарыг яллажээ

Төрийн өмчит “Эрдэнэс Монгол”-ын харьяа “Гашуун сухайт авто зам” компанийн гүйцэтгэх захирал асан Б.Баяндэлгэр, ерөнхий нягтлан бодогч асан Л.Халиун нарт холбогдох хэрэгт прокуророос яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн байна. 

Тодруулбал, “Гашуун сухайт авто зам” компанийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Б.Баяндэлгэр нар нь төлөөлөн удирдах зөвлөлөөс мөнгөн хуримтлалыг шилжүүлэх талаар шийдвэр гараагүй байхад "Чингис хаан" банкинд 2 тэрбум 276 сая төгрөгийг шилжүүлж эдийн засгийн давуу байдал бий болгосон хэрэгт Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 2 /Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах/-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй  дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд шилжүүлсэн байна. 

Хэргийн талаар эргэн сануулахад, “Гашуун Сухайт авто зам” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Б.Баяндэлгэр, ерөнхий нягтлан бодогчоор ажиллаж байсан Л.Халиун нар албан тушаалаа урвуулж, компанийнхаа Эрсдэлийн сангийн мөнгөн хөрөнгө болох 2.3 тэрбум төгрөгийг “Чингис хаан банк”-нд байршуулж, тус арилжааны банкныханд давуу байдал олгосон, зах зээлийн дунджаас илүү үнээр, сонгон шалгаруулалтгүйгээр техник тоног төхөөрөмж худалдан авсан гэх хэрэгт холбогдсон байдаг юм. Б.Баяндэлгэр нь Налайх дүүргийн ЗДТГ-ын дарга, Засаг дарга, Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газарт Тамгын газрын дарга зэрэг албан тушаал хашиж байсан нэгэн аж.