"Шувуу" ажиллагаагаар Монголд авчирч байсан Ё.Баттөгсийг "Бусдыг захиалгаар алуулсан" хэмээн шүүхээс 20 жилийн хорих ял оноосон бөгөөд давж заалдах шатны шүүх тус ялыг хэвээр үлдээсэн байдаг.
Тэгвэл Ё.Баттөгсөд холбогдох хэргийг шүүгдэгч, түүний өмгөөлөгч нар, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Батцэцэг, түүний өмгөөлөгч нар Улсын Дээд шүүхэд гомдол гаргасан бөгөөд тус гомдлуудыг өнөөдөр /2025.10.06/ Улсын дээд шүүхийн нийт шүүгчдийн хуралдаанаар хэлэлцэж, тус хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх эсэхийг шийдвэрлэхээр товлосон байна.
Монгол Улсын иргэн Ё.Баттөгс нь өөртөө эдийн, эдийн бус ашигтай байдал бий болгох зорилгоор Э.А- захиалга өгч, бүлэглэн 2015 оны 5 дугаар сарын 21-ээс 22-нд шилжих шөнө 00 цаг 24 минутын үед Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нэр бүхий хотхоны 85 дугаар байрны 2 дугаар орцонд тус байрны 15 тоотод оршин суух Г.А-ийн нурууны зүүн ар хэсэгт хутгалж санаатай алсан гэмт хэрэгт хатгагчаар хамтран оролцсон гэмт хэрэгт холбогдсон байдаг.
Улмаар Нийслэлийн прокурорын газраас Ё.Баттөгсийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр 1, 3.1 дүгээр зүйлийн 1, 3, 3.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.3, 2.5, 2.11 дэх заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн бөгөөд Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхээс шүүгдэгч Ё.Баттөгсийг гэм буруутайд тооцож, 20 жилийн хорих ял оноосон юм. Мөн давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн байдаг.
Харин шүүгдэгч Ё.Баттөгс нь анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг эс зөвшөөрч ийнхүү Улсын Дээд шүүхэд хандсан байна.
-Ё.БАТТӨГС: ШҮҮХИЙН ШИЙДВЭРГҮЙГЭЭР НАМАЙГ АВСТРАЛИ УЛСАД 6.2 ЖИЛ ХОРЬСОН. БИ БУРУУГҮЙ-
ЦЕГ-ын Интерполын Үндэсний төв товчооноос Ё.Баттөгсийг Австрали Улсын Инторполын Үндэсний төв товчоотой хамтран эх оронд нь албадан авчирч байдаг. Тэгвэл хоёр шатны шүүхээс 20 жилийн хорих ял шийтгэгдээд буй Ё.Баттөгс нь 2016 оны дөрөвдүгээр сарын 29-ний өдөр Монгол Улсын хилээр гарч явсан бөгөөд Австрали улсад саатуулагдаж, улмаар Монголын талаас гаргасан хүсэлтээр түүнийг тус улсад 6.2 жил цагдан хорьж байгаад эх оронд нь авчирсан байна.
Тэрбээр энэ талаар "Миний бие Г.А-ийн амь насыг өөрөө болон бусдад захиалж хохироох гэмтээх ямар ч санаа зорилго байхгүй, тийм зүйл байхгүй гэдгээ нэн түрүүнд хэлмээр байна.
Би хилээр гарахдаа хэргээс зугтаах гэж яваагүй. Нэг жил гаран хэргийн талаар намайг дуудаагүй болохоор амьдрал ахуйдаа нэмэр болох санаатай явсан боловч намайг Австрали улсад Монголын талаас гаргасан хүсэлтээр хорилоо гээд 6 жил гаран хорьсон учраас миний бие эргэж ирэх боломжгүй болсон. Миний хувьд визний зөрчил гаргаагүй, ял шийтгэлийн лавлагааг зохих ном журмаар нь аваад л явсан. Австрали улсаас намайг харьяатын асуудал зөрчилгүй гэсэн атлаа хориод байсан шалтгаанаа Монгол Улсын холбогдох байгууллагын саналаар хорьж байгаа талаар хэлсэн. Австралийн Засгийн газраас Монгол Улсад хүнээ авахыг шаардсан мэдээлэл бүхий албан бичиг, визний зөрчилтэй иргэний асуудлыг бүхэл бүтэн 6 жил хорьж шийдсэн түүх бараг над дээр л тохиолдож байгаа байх. Нэг бол албадан гаргадаг, нэг бол тухайн улсад нь хүлээлгэн өгдөг ба виз олгох сунгахаас татгалзаж шийдвэрлэдэг. Намайг манай улсын цагдаа, прокуророос энэ хэргийн асуудлаар явуулж байгаа албан бичиг тоотоос шалтгаалж намайг хорих байгууллагад шүүхийн шийдвэргүй хууль бусаар 6 жил хорьж цагдсан асуудлыг мөн Монгол Улсын шүүх, Хүний Эрх, Хүний Эрхийн Тунхаглал, Үндсэн хуульд заасан хүний эрхийг хангах байдлуудыг харгалзан 6 жил хоригдсон" гэдгээ хэлсэн байна.
Харин түүнийг ийнхүү Австрали улсад шүүхийн шийдвэргүйгээр 6.2 жилийн хугацаатайгаар цагдан хоригдсон хугацааг хорих ялаас хасаж тооцоогүй аж. Дээрх асуудал болоод Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн эсэх зэргийг хэлэлцэх эсэхийг өнөөдөр шийдэх юм.